Компаниуд IPO хийж, нэмэлт хувьцаа арилжих нь манайдаа ховор үзэгдэл. Иймээс ч Монголын хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулдаг. Тэгвэл нам жим байсан хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт “хөдөлгөөнд” оров.
Монголын үнэт цаасны биржээр дамжуулан “Анд энерги” компани IPO хийж, төлөвлөсний дагуу 1.6 тэрбум (захиалга үүнээс 50 хувь буюу 800 саяар давсан) төгрөг босгож чадлаа. Тус биржийн гүйцэтгэх захирал С.Даваасамбуу “Нийт 463 иргэн, аж ахуйн нэгж захиалга ирүүлсэн. Үүнээс долоо нь аж ахуйн нэгжүүдийнх” хэмээв. Иргэд хөрөнгийн зах зээлийг ихээхэн сонирхож буйг эндээс харж болох мэт.
“Эрдэнэт лед” үйлдвэрийнхээ үйл ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөсөн “Анд энерги” компани анхдагч зах зээлд хувьцаагаа арилжсаныг Монголын хөрөнгийн зах зээлд шинэ хуудас нээсэн үйл явдал гэж дүгнэж болно. Энэ зах зээлийг өрсөлдөөнтэй болгох ач холбогдолтой Монголын үнэт цаасны бирж анхны бүтээгдэхүүнээ “өлгийдөн” авсан учраас тэр. LED гэрлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, зургаан жилийн турш үйл ажиллагаа явуулсан тус компанийн хувьд энэ нь өндөр амжилт төдийгүй хөрөнгийн зах зээлд гэрэл тусгасан, гэгээтэй мэдээ байсан юм.
Дөрвөн сар гаруйн өмнө арилжсан “Сүү” бондын (зургаан тэрбум төгрөгийн санхүүжилт татсан, захиалга нь 13 хувь илүү ирсэн) үнийн дүнг гүйцэхгүй ч захиалгын хэмжээгээрээ “Анд энерги”-гийнх илүү байсан юм. Хөрөнгө босгосон талаарх тайланг андеррайтерын компани гурав хоногт багтаан Санхүүгийн зохицуулах хороонд өгч буй. Тус хороо мөн ийм хугацаанд тайланг хянаж, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрөл олгох учиртай.
Үүнээс гадна Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “АйТүүлс” компани анхдагч зах зээлийн арилжааны захиалгаа өнгөрсөн 1-нд эхлүүлсэн. “Стандарт инвестмент ҮЦК”-ийн захирал Ч.Жаргал “Эхний өдөр 500, хоёр дахь өдөр 630 сая төгрөгийн захиалга ирсэн” гэв. Тэгвэл өнгөрсөн баасан гаригийн байдлаар дээрх тоо 775.722.900 төгрөгт хүрчээ.
Нийт 202 иргэн, аж ахуйн нэгжээс ийм хэмжээний захиалга ирүүлсэн дүн байна. Захиалгыг энэ сарын 10 хүртэл авах тул “АйТүүлс” компани татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй 1.3 тэрбум төгрөгөө босгож чадах нь мэдээж болов уу. Монголын хөрөнгийн биржийн байранд энэ сарын есөн хүртэл үргэлжилж буй үнэт цаасны танилцуулгыг нь ч олон хүн сонирхож байв.
Интернэтийн технологид суурилсан дата төвийн үйлчилгээ үзүүлдэг тус компанийн гүйцэтгэх захирал И.Алтантулга “IPO амжилттай болно гэдэгт эргэлзэхгүй байгаа” гэж ам бардам хэлнэ лээ.
Монголын хөрөнгийн биржид 2005 оноос хойш ердөө 12 компани шинээр бүртгүүлжээ. 2007 оноос хойш мөн л 12-хон компани нэмж хувьцаа гаргаад буй нь чамлалттай. Гэхдээ хөрөнгийн зах зээлийн “лангуун” дээрх бараа цаашид нэмэгдэнэ гэж найдъя.