“Монгени” цогцолбор сургуулийн нэг өдрийг сурвалжиллаа. Хамаатан ахын маань хүүхэд суралцдаг “Монгени” ерөнхий боловсролын бусад сургуулиас бүтэц, зохион байгуулалт, сургалтын агуулга арга зүй гээд олон зүйлээр арай өөр болохыг аль эрт анзаарсан ч сэтгүүлчийн ажлынхаа буянаар сая л бүтэн өдрийн турш тэнд өнжиж, тухтай танилцсан нь энэ.
“Монгени” гэдэг нь “Монгол ген” гэсэн үгийн товчлол байх” хэмээх мэдэмхийрсэн, гүехэн бодлыг минь түрүүлж уулзсан захирал багшаас авахуулаад тэнд танилцсан хүн бүрийн яриа залруулав. Угтаа “21 дүгээр зууны Монгол хүүхэд” гэсэн үгийн товчлол, агуулгын илэрхийлэл болж яваа сургууль, хамт олон аж. Нийгмийн байгуулал бүхэлдээ өөрчлөгдөөд байсан 1991 онд зах зээлийн эдийн засгийн нийгмийн боловсролын салбарыг хэрхэн хөгжүүлэх талаар зарласан уралдаанд тус сургуулийн захирал Н.Лхагвын “Монгени-21” төсөл шалгарснаар тэдний түүх эхэлсэн юм билээ.
Арваннэгдүгээр сарын 2. 08.00 цаг. “Монгени” сургуулийн B байр. Төрийн дуулал эгшиглэснээр монгенийнхний нэг өдөр эхэлдэг аж. Хүйтэн орчихсон учраас хүүхдүүд гадаа жагсалгүй, шууд анги анги руугаа “дэгдэнэ”. Харин хүүхдээ дагуулж ирсэн эцэг, эхчүүдийг тэр бүр дотогш нэвтрүүлдэггүй бололтой. Шалтгааныг нь сонсож, шаардлагатай тохиолдолд л орохыг зөвшөөрч байлаа.
08.15 цаг. Зургадугаар давхрыг зорив. Тэнд Экологийн боловсролын тэнхим бий. Энэ сургууль бусдаасаа нэлээд өөр болох нь их сургуульд л тэнхимийн системээр сурч байсан надад эндээс анзаарагдаж эхэллээ. “Монгени” байгалийн болон хүмүүнлэгийн ухааны сургуулиудаас бүрддэг аж. Тухайлбал, Байгалийн ухааны сургууль нь математикийн, Экологийн, Эрүүл мэндийн болон Зураг төсөл, техник технологийн боловсролын тэнхим гэсэн мэргэжлийн багуудаас бүрддэг юм байна. Тус сургуулийг хариуцсан менежер нь Х.Цэвэлмаа багш. Тэд ОХУ-ын Улаан-Үд хотын “Экос” сургуультай хамтран гурав дахь жилдээ Байгаль нуурыг хамгаалах, олон улсын экологийн боловсролын хөтөлбөрт оролцсон гэнэ. Монголдоо өөрсдийн “Есөн булаг” зусландаа экологийн боловсролын байгалийн лабаротори, прагматик бааз байгуулжээ.
08.25 цаг. Химийн кабинет. Багш Г.Анхзаяа (Экологийн боловсролын тэнхимийн эрхлэгч) 10е ангийнхнаас шалгалт авч байлаа. Маргааш (арваннэгдүгээр сарын 3) нь сурагчдын амралт эхлэх тул бататгал шалгалт авч буй аж.
08.40 цаг. Ахлах сургууль нь кабинетийн системээр хичээллэдэг. Мэргэжлийн чиг баримжаа олгох лицей сургалтаас гадна мэргэжлийн анхан шатны боловсрол олгодог онцлогтой. Технологийн боловсролын олон анги кабинет байх юм. Тухайлбал, оёдол, хоолны технологи болон техникийн зураг зүй, техникийн оюун сэтгэлгээ, дүрслэлийн геометр, зохион бүтээх авьяас чадварыг хөгжүүлэх SТЕМ, ЮНИМАТ боловсролын лаборатори, техник спортын клубүүд хичээллэдэг аж. АUTO CAD программтай есдүгээр ангийнхан танилцаж байгаа нь анхаарал татав.
Монгол зургийн багш Оюун-Эрдэнэ сурагчдын хамт үзэсгэлэнгээ гаргахаар Японыг зорих гээд завгүй. Тэд өнгөрсөн жил Хятадад үзэсгэлэнгээ амжилттай гаргаж, энэ удаа хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн арга хэмжээний хүрээнд урилгаар Японыг зорих гэж буй аж. Тэдэнтэй хамт авто загварын клубийн суралцагч, техник, технологийн улс, нийслэл, дүүргийн олимпиадын аварга сурагч, багш нарын хамт гурван машинтайгаа явна. Тэд ирэнгүүтээ “Үнсгэлжин” улсын уралдааны бэлтгэлдээ ханцуй шамлан орох гэнэ. 2016 онд тус уралдаанд оролцсон арваннэгдүгээр ангийн сурагч гранпри шагналын эзэн болсон тул илүү хариуцлагатай оролцох ёстой хэмээн Оюун-Эрдэнэ багш ярьж байсан юм. Мөн тэд энэ оны арванхоёрдугаар сард хувцас загварын бие даасан гала шоу хийх гэж буй юм байна.
Энэ бүхнийг хамаардаг, баялаг бүтээл бүхий тус тэнхимийг ахлан ажиллаж буй В.Мөнхбаатар багшийг хамгийн “баян” нь хэмээн тодорхойлмоор санагдсанаа нуух юун. “Монгени”-ийнхэн техник, технологийн чиглэлээр улсдаа тэргүүлэгч байдгийн шалтгаан энэ бололтой.
09.25 цаг. Хоёрдугаар цагийн хичээл зав сарлав. Энэ үеэр сурагчид хөдөлгөөнт гимнастик хийдэг юм байна. Хөгжмийн аянд дасгал хийх хүүхдүүдийн хажуугаар зөрж, хичээлийн C байр буюу урлаг, спортын цогцолборыг зүглэв.
09.30 цаг. Урлаг, спортын цогцолбор. Биеийн тамир, спорт, урлагийн танхим, сонгодог болон үндэсний хөгжим, бүжгийн анги, оюуны спортын кабинет, “Хөх толбо” театр, “Цэнхэр гариг” клуб, номын сан, зөв зохистой хоол зүйн төв, үзэсгэлэнгийн галлерей гээд сонирхол татах олон зүйл уг цогцолборт байрладаг. Үүнээс гадна байгууллагын цэцэрлэг, өдөр өнжүүлэх бүлэг энд хичээллэдэг аж.
Тус сургууль нь 2000 оноос шатрын мэргэжлийн анги нээн, сургалт явуулж ирсэн түүхтэй. Оюуны спортын заах аргын нэгдэлд Дэлхийн шатрын холбооны мастер хоёр, мөн холбооны шүүгч, багш-дасгалжуулагч тус бүр нэг, Монголын шатрын мастер хоёр ажиллаж байна. “Монгени”-ээс дэлхийн шатрын их мастер нэг, дэлхий, тив, Монгол Улсын удаа дараагийн аваргууд төржээ. Сургуулиараа оюуны спортоор хичээллэх уламжлал нэгэнт тогтсон аж. Өнгөрсөн хичээлийн жилд сургуулийн аварга шалгаруулах шатрын болон рубик шооны тэмцээнд тус бүр 1400 хүүхэд оролцсон байна. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Их нүүдэл” өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд дүүрэг, нийслэлд удаа дараа түүчээлж, аваргын цом хүртсэн гэнэ.
09.40 цаг. “Цэнхэр гариг” клуб. Миний бие урлагийн танхим хэмээн андуурсан тус газарт угтаа драмын болон цахилгаан хөгжмийн сонгон хичээллэдэг аж. Бэлтгэл хийх газартай сургуулийн анги бүрт цахилгаан хөгжмийн хамтлаг байлгүй яах билээ гэж бодлоо. Удахгүй, энэ сарын дундуур “Авьяаслаг монгеничүүд”уламжлалт урлагийн наадам болох гэж байгаа тул “Цэнхэр гариг” клубт хөгжмийн нүргээн тасрахаа байжээ.
“Цэнхэр гариг”-ийн хажууханд ширээний теннисний бөмбөг тасралтгүй ойх нь сонсогдоно. Тоног төхөөрөмжийг нь сургуулиас хангаж, ширээний теннисний олон улсын шүүгч Оюунгэрэл тэнд багшилдаг аж. Ширээнээсээ өндөргүй шахам Энхрий (долоон настай) охин багштайгаа тоглож буйг харах өхөөрдөм байлаа.
10.10 цаг. ... Авьяас билэгтэй алтан ордон
Анд нөхдийн ариун хэлхээ
Мөнгөн хонхны зүрхэн цохилго
Мөрөөдөл дагуулах алсын харгуй... Ийм үгтэй сүлд дуу нь гуравдугаар цаг буюу их завсарлагаар эгшиглэнэ.
10.20 цаг. “Гоо зүйн боловсролын тэнхим” хэмээх гойд нэртэй газар онцгой сэтгэгдэл төрүүллээ. Урлагийн чиглэлийн хөгжүүлэх сургалт хариуцсан тус тэнхимд мэргэжлийн 20 гаруй хүн багшлах агаад ахлагч, баян хуур хөгжим барин биднийг угтсан эрхмийг Д.Чулуун гэх аж. Тэнд л сонгодог, үндэсний болон үлээвэр хөгжим, бүжиг зэрэг урлагийн бүх төрлөөр хүүхдийн авьяас, чадварыг хөхиүлэн дэмжих, хөгжүүлэх сургалтыг албан ба албан бус хэлбэрээр зохион байгуулж байна. “Хөгжмийн хэл бол нот. Нот бол дэлхийн хэл. Тэд дэлхийн хэлээр ярилцах чадвартай болж байна” хэмээн багш нар нь онцолж байсныг энд тэмдэглэе. Д.Чулуун багш “Хөх толбо” театраа “Нийслэлд битгий хэл Монгол Улсад хүүхдийн театр байхгүй. Манай театрын гэрэлтүүлэг, техник хэрэгсэл, хөгжмийн тоног тохөөрөмж сайн. Ялангуяа хөгжмийн дуугаралт, аккустик маш сайн. Дуу өсгөгч гэх мэт шаардлагатай бүх л зүйл манайд бий. Дүүргийн ажлыг ч энд нугалдаг юм шүү дээ” хэмээн магтаад амжсан. Магтахгүй байхын аргагүй “Хөх толбо” театр 180 орчим хүний суудалтай аж. Тэнд тус сургуулиас дүүргийн хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Хөх толбо” яруу найргийн наадам гурав дахь жилдээ болох гэж байна.
10.50 цаг. Эрүүл мэндийн боловсролын тэнхим. Баянгол дүүргийн хэмжээнд стандартын шаардлага хангасан хоёрхон спорт заалны нэг нь тэнд байна. Тус танхимд сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөг, хөнгөн атлетик зэрэг спортын 9-10 төрлийн хөгжүүлэх сургалт явуулдаг аж.
11.20 цаг. B байр. Монгол хэл, уран зохиолын боловсролын тэнхимийнхэн өрөөндөө кофе, цай уун түр амсхийхтэй нь таарав. Тус тэнхим нь 17 багштай, бага, дунд, ахлах ангид хичээл заадаг аж.
11.50 цаг. Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Дорно дахины хэл зүйн тэнхим дөрөв дүгээр давхарт байрлах юм. Япон, солонгос, хятад хэлийг монгол багш нараас гадна тэдгээр улсын мэргэжилтнүүд заадаг юм байна. Бүх танхимд ухаалаг самбар, дэлгэц суурилуулжээ. Сурагчид япон хэлний N2, хятад хэлний 5, 4 дүгээр түвшний мэдлэгтэй болон төгсөх боломжтой хөтөлбөрийн дагуу сургалт явуулж буй талаар тус тэнхимийн ахлагч Э.Нарангуа онцолсон. Тэрбээр сурагчдын олонх нь одоогоор хятад, солонгос, япон хэлийг сонгон суралцаж буй талаар хэлж байлаа. Тус сургуульд анх элсэгчид дорнын дээрх хэлнээс гадна англи, орос хэлийг сонгон суралцах боломж олгодог. Тэд солонгос хэлний улсын олимпиадад олон жил эхний байруудад шалгарч буй юм билээ.
12.15 цаг. Математикийн боловсролын тэнхимийнхэн гуравдугаар давхарт байрлах аж. Тус тэнхим 17 багштайгаас хоёр нь мэдээлэл зүйнх. Бага ангид найм, дунд, ахлах ангид долоон багш математикийн боловсрол олгож байна. Өнгөрсөн жил ажлаараа бусдыгаа тэргүүлсэн тус тэнхимийн “брэнд” нь рубик шооны сургалт аж. Уг сургалтыг зохион байгуулсан хоёр жилийн хугацаанд сурагчдын 80 орчим хувь нь шоог бүрэн эвлүүлдэг болжээ. Харин яг тэмцээний үеэр 60 орчим хувь нь л эвлүүлж байгааг тус тэнхимийн ахлагч А.Гүр дурдсан. Тус сургуулийн долдугаар ангийн сурагч рубик шооны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, чансаагаараа есдүгээрт бичигдэж буйг багш нь бахархан ярьсан юм. Энэ тэнхимийн нэг багш 8-12 хүүхдэд шоо эвлүүлж сургадаг юм байна. Бага, дунд, ахлах ангийнхны дунд тус бүр сая төгрөгийн шагналтай тэмцээн зохион байгуулдаг болжээ.
Мөн тус тэнхимийнхэн МУБИС-ийн Байгалийн ухааны сургуулийн математикийн дидактикийн тэнхимтэй хамтарч, хүнд хичээлийг хөнгөн болгох, сурахыг баясал цэнгэл, баяр баясгалан болгох төсөл боловсруулж, тусгайлан заах аргачлал нэвтрүүлсэн нь ихээхэн үр дүнд хүрч буй гэнэ. Харин захирал Н.Лхагва “Хичээлийн хүнд сэдэв байхыг үгүйсгэхгүй. Харин хүнд хичээл гэсэн ойлголт байх ёсгүй, Хүнд хичээл гэсэн ойлголтыг хүлээн зөвшөөрвөл хэн хүнд хичээлийг бий болгоод байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Хариу нь багш бид өөрсдөө юм. Муу багш л хүнд хичээлийг бий болгодог гэж ойлгож болно. Багшлах ухааныг урлаг болгож чадсан хүнийг л сая багш гэнэ. Сурах үйл явц баясал, цэнгэл байх ёстой” хэмээн дээрх аргачлал Монголын боловсролын системд хувьсгал болно гэж найдаж буйгаа нуусангүй. Тус аргачлалыг энэ хичээлийн жилээс дүүргийн хэмжээнд нэвтрүүлээд буй юм байна.
13.00 цаг. Хоёрдугаар ээлжийн хичээл эхлэв. Нэгдүгээр ангийн таван бүлгийн сурагчид үдээс хойш хичээллэдэг аж.
13.10 цаг. Улсын стандартын дагуу түүх, нийгмийн ухаан, иргэний боловсрол, бизнес судлал, хүн-нийгэм гэсэн хичээлийг Нийгмийн ухааны боловсролын тэнхимийнхэн заадаг юм байна. Тэд энэ жилээс 1-5 дугаар ангийн сурагч бүрийг “Төлөвшлийн дэвтэр”-тэй болгож, тангаргийн баяр хийжээ. Өмнө нь тус сургуулийн сурагчид “Зорилгын дэвтэр”-тэй байсан бөгөөд энэ удаагийн дэвтэрт “Монгени”-д суралцагчийн эрх, үүрэг, дүрэм, хориглох зүйл сээс авахуулаад XXI зууны дэлхийн иргэн ямар чадвар эзэмшвэл зохих талаар тусгасан байна. Дунд ангийнхан хоёрдугаар улирлын хичээл эхлэнгүүт тангаргаа өргөхөөр төлөвлөжээ.
13.45 цаг. С байр. 140 хүүхдийн суудалтай номын сан зарим их, дээд сургуульд ч үгүй байх. Номын сантай танилцах үеэр захирал нь “Энд шалгалт, сорил авахад амар байдаг юм” гэсэн бол номын санч Л.Ариунжаргал “Хүүхдүүд даалгавраа хийхэд тохиромжтой орчин нь манайх байдаг. Манай англи номын фонд баялаг” хэмээн сонирхуулав.
14.00 цаг. Зав гаргаж, цайны газарт нь зочиллоо. Тус сургуулийн зөв зохистой хооллох төв нь зөв зохистой хооллох боловсролыг бага наснаас нь олгох, эрүүл хүнс, илчлэг сайтай хоолоор эрүүл орчинд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр бусдад үлгэр дуурайлал болохуйц, туршлагатай хамт олон аж.
15.00 цаг. B байр. “Монгени” сургуулийн инновацын албаны дарга Д.Бадамгарав багштай уулзлаа. Түүний удирддаг Инновацын алба сургуулийн хөгжлийн болон сургалтын шинэчлэлийн бодлого төлөвлөлт, инновац, хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, хүний нөөцийн бодлого хариуцаж ажилладаг юм байна. 12 хүний бүрэлдэхүүнтэй. Д.Бадамгарав багш “Монгол хүүхдийн төрөлх эрхийг дээдэлсэн, тэдний язгуур эрх ашигт нийцсэн, чөлөөт сонголт голлосон, албадмал бус, баригдмал биш, чөлөөт сэтгэл зүйн шинэ хандлагыг төлөвшүүлэх, хүнлэг, хүмүүнлэг үйлчилгээ үзүүлэх, шинэ сургуулийн төрх бий болгох нь бидний зорилго” гэж хэлээд “Эдгээр үг болгоны ард асар их утга агуулга бий” хэмээн инээмсэглэсэн юм. Үнэхээр ч өглөөнөөс үд өнгөртөл тус сургуулийн өнцөг, булан бүртэй танилцсан миний хувьд түүний үг оргүй санагдсангүй.
“Монгени” улсын стандарт буюу тогтвортой агуулгаар 19, байгууллагын стандарт буюу хувьсах агуулгаар 56 төрлийн сонгон, клуб хичээллүүлж байна. Өөрөөр хэлбэл, зүүн тархины боловсролыг улсын стандарт, баруун тархины боловсролыг “Монгени”-ийн стандартаар олгож иржээ. Математикийн боловсролын тэнхимийн ахлагч А.Гүр “Манай сурагчид бүгд өөртөө итгэлтэй байдгийг би мэдэрдэг. Тэдний дунд “Энэ надаас муу” гэх эрэмбэ байдаггүй. Яагаад гэвэл манай сургууль, багш нар сурагчдаа бүх талаар нь дэмжиж ирсэн. Сурагчдынхаа авьяасыг олон талаар хөгжүүлж ирсэн учраас тухайн сурагч математиктаа мундаг нь биш байлаа ч бүжиглэх, зурах зэрэгтээ илүү байх боломжтой гэсэн үг” хэмээснийг энд зориуд тэмдэглэе. Нийгмийн ажилтан нь ч “Хүүхдүүдээсээ хамгийн түрүүнд соёлтой, зорилготой, нээлттэй байдлыг мэдэрдэг. Манай хүүхдүүд санаагаа шууд илэрхийлдэг” гэж байсан юм.
Их завсарлагаанаар эгшиглэдэг сүлд дуунд нь ...Монгени Монгени
Миний сургууль
Монголдоо ганцхан
Бидний сургууль гэх дахилт бий. Харин “Монгени” шиг сургууль Монголд яагаад ганцхан байгааг захирал Н.Лхагва багшаас асуухад “Хууль, эрх зүйн орчныг нь өөрчлөх хэрэгтэй. Би ажлынхаа үр дүнг одоо л харж байна” гэж байлаа. Ирэх онд 16 дахь төгсөлтөө хийж, хоёр жилийн дараа 30 жилийн ойтойгоо золгох “Монгени” шиг олон сургуультай болог ээ, Монгол.