Уул уурхайн баялгаар тэргүүлэгч Өмнөговь аймгийн төрийн бус байгууллагууд нэгдэж, тус аймгийн нутаг дэвсгэрээс экпортолж буй нэг тонн баялаг тутмын үнээс 100 төгрөгийг боловсролын салбарт зориулах санаачилга гаргав. Ингэснээр төсвөөс “царай алдахгүйгээр” боловсролын салбартаа жил бүр 3.5-4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжтой гэж үзжээ. Өмнөговь аймгийн иргэдийн эрхийг хамгаалах нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Х.Мандахбаяр “Манай аймагт уул уурхайн 20 гаруй компани ажилладаг бөгөөд жилдээ 30-35 сая тн газрын баялаг экспортолдог. Тэдгээр байгууллага хуулийн дагуу татвар, хураамжийг улс, аймгийн төсөвт төвлөрүүлдэг. Төсвөөс бүх салбарт тэгш хуваарилалт хийж, зөвхөн үндсэн зардлаа нөхөж байна. Тиймээс уул уурхайн баялаг олборлогч компаниудыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтарч ажиллахыг уриалж байгаа юм. Өмнөговь аймагт 2005 оноос уул уурхайн үйл ажиллагаа эрчимжсэн. Гэвч удирдлагын түвшинд нутгийн иргэдээс ажиллаж байгаа нь хомс. Өөрөөр хэлбэл, газрын баялаг ихтэй аймаг атлаа ажиллах боловсон хүчнээ бэлтгээгүй. Энэ сард нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, төслөө танилцуулахын зэрэгцээ санаачлагч, дэмжигч, оролцогч байгууллагууд хэрхэн ажиллаж, хяналт тавих талаар танилцуулна. Үүнд олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгоход онцгойлон анхаарч байна” гэлээ.