Монголын сурагчдын холбоо, “Лидер сурагч” академи хамтран өнгөрсөн есдүгээр сард “Ангийн дарга нарын мини парламентын чуулга уулзалт”-ын үеэр сурагчдын зөвлөл болон анги, салааны дарга нарыг таних тэмдэгтэй болгох санаачилга гаргасныг хэрэгжүүлж эхлээд буй гэнэ. Тодруулбал, дээрх “алба” хашдаг сурагч бүр энгэрийн тэмдэг, үнэмлэх, цэрэг, цагдаагийн алба хаагчид шиг мөрдэстэй байх гэнэ. Энгэрийн тэмдэг болон үнэмлэх тус бүр 1500, дэс нь 3500 төгрөгийн үнэтэй аж. “Ийм таних тэмдэгтэй болсноор анги, салааны дарга нарын үүрэг, оролцоо нэмэгдэнэ” гэж Монголын сурагчдын холбооныхон үзэж буй бол буруу шийдвэр хэмээн эсэргүүцэх эцэг, эх, сурагчид ч байна. Ерөнхий боловсролын сургуулийн орчинд ялгаварлан гадуурхах явдал гаргахгүйн тулд сурагчдыг дүрэмт хувцас өмсүүлдэг. Хэрэв сурагчдын зөвлөл, салаа, ангийн дарга нарыг ийм тэмдэгтэй болгочихвол хүүхдүүд биенээ гадуурхаж, ялгах хандлага бий болно гэж цөөнгүй хүн олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлжээ.