Монгол Улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн нэг болон хоёрдугаар шатны үнэлгээг хийж дуусган, ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрсэн талаар ОУВС цахим хуудсандаа мэдээлжээ. Үнэлгээг нэгтгэн, тайлан бэлтгэх агаад тус сангийн Захирлуудын зөвлөлд танилцуулах аж. Улмаар дээрх зөвлөл дараагийн шатны санхүүжилтийг манай улсад олгох, эсэхийг шийдэх юм.
ОУВС-гийн Монголыг хариуцсан ажлын хэсгийг Жеофф Готтлиб ахалсан бөгөөд өнгөрсөн сарын 18-30-нд Улаанбаатарт ажиллажээ. Тэрбээр мэдэгдэлдээ “Монгол Улсын эдийн засаг төсөөлснөөс илүү хурдан өсөж байна. Энэ онд багаар бодоход 3.3 хувиар тэлэх төлөв бий. Нүүрсний экспорт нэмэгдэж, ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих болсноор хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн зэрэг нь үүнд нөлөөлсөн. Ирэх онд ДНБ үргэлжлэн өсөхөөр буй ч нүүрсний салбарт эрсдэл тулгарч болзошгүй” гэж дурджээ. Мөн тэрбээр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарч, бүх тоон зорилт биелсэн. Орлого нэмэгдэж, зардлыг хянаж буйтай холбоотойгоор төсвийн үзүүлэлтүүд таамагласнаас сайн байсан. 2016 онд ДНБ-ий 17 хувьд хүрсэн төсвийн алдагдал энэ жил 7.5 болж буурахаар байгаа. Хөтөлбөрийн нэг, хоёрдугаар шатны үнэлгээний талаар Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээ хийсэн. Монголын банкуудад хийж буй активын чанарын үнэлгээний дүнг арванхоёрдугаар сарын дундуур танилцуулахаар төлөвлөж байна” хэмээн тэмдэглэжээ.
Дашрамд дурдахад, хоёр, гурав дахь шатны санхүүжилтийг нийлүүлээд ирэх арванхоёрдугаар сард олгож магадгүй. Гэхдээ хойшилж болзошгүй нөхцөл үүсэж болохыг ОУВС-гийн эх сурвалж өмнө нь мэдээлж байв. Тус сангийн тооцож буйгаар манай улсын эдийн засаг ирэх жил 4.2 хувиар өсөх төлөвтэй гэнэ.