Б.Түмэнцэнгэл (Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал)
-Хуримтлал нь орлогоосоо хэрэглээгүй нөөцөлж үлдээсэн мөнгө бөгөөд хувь хүнд ч, улс орны эдийн засагт ч ашигтай зүйл. Нэг талаар бид хуримтлал үүсгэснээр ирээдүйд зорьж буй зорилгоо биелүүлэх санхүүгийн чадамжтай болно гэсэн үг. Өөрөөсөө шалтгаалах зүйлд үргүй зардал гаргахын оронд хадгаламжиндаа хүүтэй байршуулах хэрэгтэй. Ингэснээр хүүгийн өгөөж хүртэх, санхүүгийн хувьд бие даасан болох зэрэг давуу талтай. Таны хадгалуулж буй мөнгө банк санхүүгийн системээр дамжаад бизнест санхүүжилт болж очно.
Эхний ээлжинд өөрийн зарлагаа зориулалтаар нь бүлэглэж тооцдог болох нь чухал. Тооцохгүйгээр мэдэж чадахгүй шүү дээ. Үүний үндсэн дээр зардлаа яаж хэмнэх талаар төлөвлөгөө гаргах боломжтой. Хуримтлалтай болох нь сахилга бат, тууштай байдал, дадал шаардсан зүйл. Ийм дадалтай болохын тулд тодорхой зорилго тавиад, түүнийгээ мөрдөх хэрэгтэй.