Монголд хадгаламж эзэмшигчдийн 80 гаруй хувь нь 35-аас дээш насныхан гэсэн статистик бий. Уг нь ид залуу буюу 24-35 насандаа хуримтлалтай болох нь санхүүдээ санаа зовохгүй байх үндэс юм. Энэ насныхан голдуу хөдөлмөр эрхлэгч учраас орлогынхоо 10 гаруй хувийг хадгалах боломжтой гэж шинжээчид олон судалгаагаар нотолжээ.
Хүмүүсийн олонх нь “Хадгаламжинд хийх мөнгө илүүчилж чаддаггүй. Миний цалин амьдралд арай ядан хүрдэг” гэсэн шалтаг хэлж, мөнгөө хадгалахаас татгалздаг. Цалингаа аваад хэрэглээндээ зарцуулаад, үлдсэнийг нь хуримтлуулах гэсээр байтал дуусчихдаг.
Тиймээс зөвхөн өрхийн орлогод баригдаж мөнгөө хуримтлуулдаг байж болохгүй. Өөрөөр хэлбэл, өдөр тутамд зарцуулж буй хэрэглээгээ тооцож, бага ч болов хасаад үзээрэй. Магадгүй та байр, утасны төлбөр, тамхи татах, гадуур хооллох, автобус, таксигаар явах, ус, ундаа, кофе уух, амтат хүнс, хувцас авах, машиндаа бензин хийх, согтууруулах ундаа хэрэглэх зэрэг өөрөөсөө шалтгаалах зүйлд үргүй зардал их гаргаж байж мэднэ. Хэрэгцээгээ танаж, үлдсэн мөнгөө хадгалах нь зүйтэй. Нэг хүн сард дунджаар 250-290 мянган төгрөг хэрэглээндээ зарцуулж байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээлсэн.
Доорх графикаас харахад энэ хэмжээний хэрэглээтэй иргэн ойролцоогоор 100-163 мянган төгрөг хэмнэж болох юм гэж төсөөллөө. Тус мөнгийг сар бүр хадгалбал жилийн эцэст 1.3 орчим сая төгрөгтэй болох ажээ. Манай улсын арилжааны банкуудын хадгаламжийн жилийн хүү 14-15.3 хувь байгаа юм.
1.3 сая төгрөгийг дээрх хүүтэйгээр хуримтлуулбал жил тутам та хадгаламжийнхаа хүүгээс 205.055 төгрөгийг хүртэх аж. Энэ нь арван жилийн дараа 2.050.554 болох юм. Өөрөөр хэлбэл, Бат сардаа зарцуулж буй хэрэглээнийхээ 30-50 орчим хувийг танаснаар нийт 15.4 сая төгрөгийн хадгаламжтай болно гэсэн үг. Хэрэглээнээсээ хуримтлал бий болгож, ирээдүйдээ хөрөнгө оруулъя.
ТА ХУРИМТЛАЛ ҮҮСГЭВЭЛ:
- Хүүгийн өгөөж хүртэх
- Ирээдүй тань 2 илүү баталгаатай
- Зорилготой
- Санхүүгийн хувьд бие даасан байх давуу талтай