Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Газар ашиглах, эзэмших эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголт, шилжүүлэг, далд худалдаатай холбогдон үүсдэг маргаантай асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх замаар төсвийн орлогын нэмэлт эх үүсвэр бүрдүүлэхээр тусгажээ. Тухайлбал, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нээлттэй сонгон шалгаруулалт, газар ашиглах, эзэмших эрхийг дуудлага худалдаагаар олгохоор хуульчлах гэнэ.
Төсвийн зарлагын хүрээнд “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлж, гурван ээлжээр хичээллэдэг нийслэлийн 28 сургуулийг хоёр ээлжтэй болгох, орон нутагт дотуур байранд хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөл бүрдүүлэх, цэцэрлэгийн 80 хувиас дээш гүйцэтгэлтэй барилгын санхүүжилтийг бүрэн шийдвэрлэж ашиглалтад оруулахад нийт 236.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгажээ. Түүнчлэн оюутны хөгжлийн зээлд 75 тэрбум төгрөг төсөвлөж, Эрүүл мэндийн даатгалын санг ирэх оны эхний өдрөөс бие даан ажиллуулахаар тооцон, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас Эрүүл мэндийн сайдынхад холбогдох орон тоо, зардал, хөрөнгө болон орлого, эх үүсвэрийг шилжүүлэх нь. Үүнээс гадна Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлыг урт хугацаат, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх, одоо хуримтлагдсан лагийн ариутгал, халдваргүйтгэл, тэгшилгээг хийж, хөрсжүүлэн нөхөн сэргээж, үнэргүйжүүлэхэд зориулж ирэх онд 10 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байна. “Цалинтай ээж” хөтөлбөрт 72.8, тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 136.9, төрийн албан хаагчдын үр дүнгийн урамшуулалд 56.2, зорилтот бүлэгт хүүхдийн мөнгө олгоход 164.2 тэрбум төгрөг тусгажээ. Өмнөх Засгийн газрын өргөн барьсан 2018 оны төсвийн төслөөс Засгийн газрын өрийн үйлчилгээний төлбөрийг даруй 130 тэрбум төгрөгөөр бууруулан 1.1 их наяд төгрөг байхаар тооцсон байна. Улмаар 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7.2 их наяд (ДНБ-ий 23.8 хувь), зарлага 9.6 их наяд (ДНБ-ий 31.8 хувь), алдагдал 2.4 их наяд (ДНБ-ий найман хувь) болж, алдагдал нь 2017 оноос ДНБ-ий 1.5 хувиар буурахаар буй талаар төсөлд дурдсан байна.