Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михал Лабендатай 2017 оны аравдугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Монгол улс, БНПУ-ын хоёр талын хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байгааг онцолж, цаашдаа боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбар дахь хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар ярилцав.
Бүгд Найрамдах Польш Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хооронд “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай хөтөлбөр"-ийн гэрээг шинэчлэн байгуулах талаар тохиролцов. Тус хөтөлбөрийн хүрээнд жил бүр 25 оюутан БНПУ-ын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцаж байгаа юм. Хамтын ажиллагааны хүрээнд цаашид Монгол Улс, Польш Улсын их сургуулийн хоорондын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн дагуу хос дипломтой дижитал банк санхүүгийн чиглэлээр Монгол Улсын иргэдийг суралцуулах хүсэлтэй байгаагаа Польшийн тал мэдэгдсэн.
Бүгд Найрамдах Польш Улсад багш, сурган хүмүүжүүлэгчид, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн багш нарыг хоёр долоо хоногийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, зардал мөнгийг нь хамтарч гаргах талаар санал солилцов.
Шинжлэх ухааны салбарт Бүгд Найрамдах Польш Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хоорондын археологи, палеонтологийн салбарын хамтын ажиллагаа дээд түвшинд явагдахын зэрэгцээ хамтран ажиллах санамж бичгийг ойрын хугацаанд зурах төлөвлөгөөтэй байгааг илэрхийлсэн.
Уулзалтын үеэр соёл урлаг, спортын чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцож, Монгол-Польшийн соёлын өдрүүдийг зохион байгуулах талаар ярилцлаа.