Баянгол дүүрэгт байрлах, Монгол, Германы хамтарсан 38 дугаар сургуулийнхан шинэ байртай боллоо. Уг нь тус сургуулийг энэ оны есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад оруулна гэж албаныхан мэдэгдэж байсан ч амжилгүй өдий хүрчээ. Шинэ барилга 1500 гаруй хүүхдийн багтаамжтай бөгөөд тус сургууль одоогоор 1200 гаруй сурагчтай юм байна. Зориулалтын бус, өмнө нь Хөрөнгийн бирж, эмнэлэг ажиллаж байсан хуучин барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул 2013 онд акталсан.
Тэр үеэс хойш 38 дугаар сургуулийн сурагч, багш нар нь өөр газар хичээллэсээр өдий хүрчээ. Тухайлбал, I-V анги нь “Эрдмийн ундраа” цогцолборын 78 дугаар сургууль, VI-XII анги нь 22 дугаар сургуульд хичээллэдэг байсан аж. 2014 онд зарим бүлгийн сурагчдыг 47 дугаар сургуульд гуйж хичээллүүлдэг байсныг ч сургуулийн удирдлага ярьсан. Энэ мэтээр сурагч, багш нар дөрвөн жилийн турш “айл”-ын хаяа бараадсаны эцэст арай гэж шинэ сургуульдаа хичээллэх боломж бүрдэв.
2015 оныг хүртэл тус сургуулийг шинээр барих нь битгий хэл, хуучныг нь ч буулгалгүй “царцааж” байв. “Байргүй байсан гээд сургалт муудчихсангүй, сайн байгаа. Гэхдээ эцэг, эхчүүд дургүйцэхээс эхлээд цөөнгүй бэрхшээл тулгардаг байлаа” гэж багш нар ярьсан. Уг нь тус сургуульд орох хүсэлтэй хүүхэд олон, эцэг, эхчүүд нь цэцэрлэгт хүүхдээ өгөх гэж буй юм шиг урт дараалал үүсгэдэг байжээ.
Харин өөрийн гэсэн байргүй болсноос хойш хүүхдүүд нэмэгдэх нь битгий хэл, байргүйн улмаас дээрх явдал түүх мэт болж, үүнд нь дургүйцсэн аав, ээжүүд хүүхдээ өөр сургууль руу шилжүүлэх явдал тасрахаа больжээ. Шинэ байртай болсноор дээрх хүндрэл үгүй болно гэж сургуулийнхан онцоллоо.