Монгол Улс өмнөх бондуудаа дахин санхүүжүүлэхийн тулд шинийг гаргах гэж буй тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Хөрөнгө оруулагчдад танилцуулах уулзалтыг өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн бөгөөд Монголын төлөөллүүд Нью-Йорк, Бостон, Лондон, Хонконг, Сингапурт очиж буй.
Дээрх бонд нь 650 сая хүртэлх ам.долларын дүнтэй бөгөөд энэ долоо хоногийн эцэст арилжихаар төлөвлөж буй тухай “The Wall street journal” мэдээлэв. Бондыг таван жил зургаан сарын хугацаатай, зургаа орчим хувийн хүүтэй байх болов уу хэмээн урьдчилан таамаглаж байгаа аж. Олон улсын үнэлгээний “S&P” болон “Fitch” агентлаг уг бондын зэрэглэлийг B- хэмээн үнэлснийг мөн тэмдэглэжээ.
Дашрамд дурдахад, Монгол Улс ирэх оны нэгдүгээр сард “Чингис” бондын 500 сая ам.долларын бондын төлбөр хийх хуваарьтай байгаа. Мөн тавдугаар сард “Дим сам” бондын 160 сая ам.долларын өрийг төлөх юм.