АНУ-ын хувьцааны индексүүд зургаа дахь долоо хоногтоо дараалан өсөж, “Nasdaq 100”, “S&P 500” болон “Dow Jones” түүхэн дээд түвшиндээ хүрснийг “Bloomberg” онцоллоо. Мөн голлох валютуудын эсрэг ам.долларын ханш сүүлийн гурван сарынхаа дээд түвшинд хүрэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татвар бууруулах санал дэмжигдэж магадгүй нь үүнд нөлөөлжээ. Түүнчлэн тус улсын Төвбанкны тэргүүнийг шинээр томилохтой холбоотой хүлээлт үүсээд буй. Холбооны нөөцийн сангийн Захирлуудын зөвлөлийн гишүүн Жером Пауэлл, эсвэл Стэнфордын их сургуулийн эдийн засагч Жон Тэйлор нарын аль нэгийг дээрх албан тушаалд томилж магадгүй гэсэн мэдээлэл цацагдсан.
Нөгөөтэйгүүр, АНУ-д есдүгээр сард борлогдсон орон сууцны тоо таамагласнаас илүү өссөн дүн гарчээ. АНУ-ын төсвийн алдагдал 2017 оны санхүүгийн жилд 665.7 тэрбум ам.долларт хүрсэн ч төдийлөн сөргөөр нөлөөлсөнгүй. Сангийн яамных нь мэдээлснээр энэ нь 2013 оноос хойших (есдүгээр сарын 30 хүртэлх нэг жилийн хугацаа) хамгийн дээд хэмжээ аж.
Баасан гаригийн байдлаар нэгж ам.доллар 113.5 иен, 6.6205 юаньтай тэнцэж байв. “Ногоон”-ы эсрэг иений ханш 0.9 хувиар буурч, дээрх харьцаатай болсон нь сүүлийн 14 долоо хоног дахь (98 хоног) хамгийн сул ханш нь боллоо. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жанет Йеллен ирэх бямба гаригт мэдэгдэл хийх гэж буй нь анхаарал татаж байна.