Монголын хүүхдийн ордонд хичээллэж буй дугуйлангуудын төлбөрийн мэдээллийг хүргэе. Лимбэ хөгжмийн дугуйлангийн төлбөр сарын 50 000 төгрөг бол морин хуурынх 90 000, хуучир, ёочин, хийл, шанз, ятга, төгөлдөр хуурынх 70 000 төгрөг аж. Тус байгууллагаас энэ жил уртын дуу болон монгол бичгийн дугуйлан шинээр хичээллүүлж эхэлжээ.
Бүжиг, дуу, драмын ангид жилд 250 мянган төгрөг төлөх ёстой гэнэ. Харин зураг, математик, япон, хятад, англи хэл, шатар, загвар зохион бүтээх дугуйлан 230 мянга, гар урлалын дугуйланд хичээллэх бол жилд 130 мянган төгрөгийн төлбөр төлөх юм байна. Эцэг, эхчүүд зургаагаас дээш буюу сургуулийн насны хүүхдүүдээ хамруулах боломжтой юм.
Монголын хүүхдийн ордон, нийслэлийн ЗДТГ-тай хамтран ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд монгол үсгээр алдаагүй, цэвэр, гаргацтай бичих “Хичээнгүй бичигтэн-2017” уралдааныг тав дахь удаагаа зохион байгуулж буй юм.
Уралдаанд оролцогчид Төрийн дуулал болон Хүүхдийн ордны сүлд дууг цэвэр бичиж явуулах ёстой гэнэ. Сурагчдыг энэ сарын 23-ныг дуустал бүртгэх бөгөөд 26-ныг хүртэл шалгаруулалт явуулаад, 27-нд шилдэг оролцогчдын шагналыг гардуулна.