Лондоны металлын биржид өнгөрсөн баасан гаригт тонн зэсийн үнэ өсөж, 6856 ам.доллартой тэнцэв. Долоо хоногийн өмнө уг металл 6606 ам.долларын ханштай байсан юм. Тэгвэл тасралтгүй өссөөр үнэ нь 250 “ногоон”-оор ийн нэмэгдэв. Улбар металлын ханш өнгөрсөн сарын 6-нд 6863 ам.долларт хүрч байлаа. Энэ нь 2014 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт аж.
Шинжээчид зах зээлд зэсийн нийлүүлэлт хомсдож болзошгүй хэмээн тайлбарлаж байна. Түүнчлэн “BHP Billiton” компанийнхан ирээдүйд цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэх, сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжихтэй холбоотойгоор зэсийн эрэлт цаашид өснө гэж үзэж байгааг “Reuters” уламжлав.
Зэсийн баяжмал нь манай улсын экспортын голлох бүтээгдэхүүнд тооцогддог. Тэгвэл ирэх оны төсвийн төсөлд 1.2 сая тонн зэсийн баяжмалыг 4658 ам.долларын тэнцвэржүүлсэн үнээр экспортлохоор тусгажээ.