Монгол Улсын экспортолдог эрдэс бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны сүүлчээс дэлхийн зах зээлд өсөж эхэлсэн нь уруудаж явсан эдийн засгийг өндийлгөх хөшүүргэ болов. Ялангуяа нүүрсний үнэ хоёр дахин өндөр үнэд хүрсэн нь Монголын эдийн засаг энэ оны хагас жилийн дүнгээр 5.3 хувиар өсөхөд давамгай нөлөөллөө. Уул уурхайн салбарынхны орлогын өсөлтийг дагаад эдийн засаг идэвхжиж байна.
Наймдугаар сарын эцсийн мэдээгээр төсвийн орлого төлөвлөснөөс 444 тэрбум төгрөгөөр даваад буй нь эдийн засаг сэргэснийг бэлэхнээ гэрчилнэ. Орлого нь төлөвлөгөөнөөс 10 орчим хувиар давсан учраас Засгийн газар төсөвт тодотгол хийх саналаа УИХ-д өргөн мэдүүлсэн юм. У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхим бүрдэнгүүт энэ оны төсвийн тодотгол, ирэх жилийн төсвийг хэлэлцэж эхэлнэ гэсэн хүлээлт бий.
Сангийн яамнаас энэ жил төсвийн орлого төлөвлөснөөс 601 тэрбум төгрөгөөр давна гэж тодотголын саналд тусгажээ. Мөн давж биелэсэн орлогын 498 тэрбум төгрөгийг нэмж зарцуулах санал гаргалаа. Тэд орлого нь нэмэгдэж, зарлагаа тэлэн, алдагдал нь 100 орчим тэрбум төгрөгөөр буурсан төсөв зохиов. Энэ оны эцэст төсвийн орлого 7.1, зарлага 9.2, алдагдал нь 2.1 их наяд төгрөг байх төсөөлөл ийн бий боллоо.
Товчхондоо, төсвийн орлого өссөн нь дахин тодотгол хийж зарлагаа тэлэх шалтгаан болжээ. Төсвийг анх батлахад орлого нь 6.1, зарлага нь 8.5 их наяд төгрөг байсан. Тэгвэл Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд өнгөрсөн дөрөвдүгээр сард тодотгол хийсэн юм. Ингэхдээ төсвийн орлогыг 6.5, зарлагыг 8.7 их наяд төгрөгт хүргэсэн билээ.
Засгийн газар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 233.2, импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар 157.6, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 150.6, импортын гаалийн албан татвар 76, нийгмийн даатгалын орлого 54, дотоодын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар 21.2, гаалийн хураамж 9.2, агаарын бохирдлын төлбөр 6.2, бусад орлого 31 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцжээ. Мөн төлөвлөснөөс газрын тосны орлого 41.7, бусад нь 17.9, хандив тусламж 78 тэрбумаар буурна гэж тооцсон байна.
Ингэснээр дээр дурдсанчлан төсвийн орлого 601 тэрбум төгрөгөөр давж биелж буй юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар наймдугаар сарын эцсийн байдлаар 191, нийгмийн даатгалын орлого 120.3, импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар 74.9, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 64.8, импортын барааны гаалийн албан татвар 67.2, дотоодын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар 54.2 тэрбум төгрөгөөр өсөөд байна.
Засгийн газрын төсвийн зарлагыг 500 орчим тэрбум төгрөгөөр тэлсэн шалтгаанаа мөрийн хөтөлбөрт тусгасан тэргүүлэх чиглэлийн арга хэмжээ, түүний дотор сургууль, эмнэлэг, аймаг орон нутгийн засаг захиргааны барилгад засвар хийх, өр төлбөр барагдуулахад зарцуулахаар ОУВС-гийнхантай тохиролцсон гэж тайлбарлаж буй.
Гүйцэтгэх засаглал хууль, тогтоолын өөрчлөлтөөр нэмэгдсэн зардалд 117.7, өвөлжилт, цаг үеийн тулгамдсан бэрхшээлийг даван туулахад 94.1, хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулахад 39 тэрбумыг зарцуулахаар төсвийн зарлагыг нэмжээ. Хууль, тогтоолын өөрчлөлтөөр нэмэгдсэн зардлын дийлэнхийг хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэмж эзэлж байна. Тодруулбал, энэ онд хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгоход 104 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Түүнчлэн эмнэлгийн тусламж үйлчилгээний хамрах хүрээ нэмэхэд 19, шүүхийн шийдвэрийн дагуу иргэд, аж ахуйн нэгжид нөхөн олговор олгоход 8.8, жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэхэд 83, улсын төсвийн хөрөнгө оруулалт, концессын төлбөрт 290.8 тэрбум төгрөг зарцуулахаар зарлагыг ийн өсгөжээ. Эдгээр нь нэг удаагийн шинжтэй арга хэмжээ байх агаад дараа жилийн төсвийн зардлыг өсгөх нөлөөгүй гэнэ.
Засгийн газар төсвийн зарлагыг зөвхөн нэмсэнгүй, цөөн арга хэмжээнийхийг танажээ. Тухайлбал, зээлийн хүүгийн зардлыг 45.1, гадаад зээл, тусламжаас санхүүжих төслийнхийг 78, төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцыг 31.5 тэрбум төгрөгөөр багасгасан аж.
Тодотголтой хамт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засаг энэ онд 3.3, инфляц 7.7 хувиар өснө, Засгийн газрын өр 23.3 их наяд төгрөг болно гэж тусгасан байв. Тэгвэл 2018 онд төсвийн орлого 7.2, зарлага 9.8, алдагдал 2.6 их наяд төгрөг болно гэж төсөөлсөн аж.
Тухайн онд эдийн засаг дөрөв, инфляц 8.6 хувиар өсөж, Засгийн газрын өр 24.2 их наяд төгрөгт хүрнэ гэж таамаглаж байна. Улмаар 2019 онд төсвийн орлого 8.2, зарлага 10.3, алдагдал 2.1, Засгийн газрын өр 25.5 их наяд төгрөгт хүрэх бол, эдийн засаг 6.6, инфляц найман хувиар өсөх төлөв харагджээ.