Монгол Улсын Их Сургуулийн 2014 оноос баригдаж эхэлсэн шинэ номын сан өнөөдөр нээлтээ хийлээ. МУИС-ийн хичээлийн II байрны баруун талд, Монгол-Япон төвийн чанх урд байрлах тус номын сан нь 16 тэрбум төгрөгөөр босжээ. Ингээд шинэ номын сангийн талаар таны мэдэх ёстой 13 баримтыг танилцуулж байна.
- Номын шинэ өргөөний зургаан давхар шилэн барилга нь уншлагын 7 танхимтай, уулзалт хурлын олон танхимтай, олон улсын стандартад нийцсэн тоноглол, амралтын өрөө зэрэг бүх зүйлийг нэг дор цогцлоосноороо онцлог аж.
- Номын сан нь дэлхийн стандартад нийцсэн Монголын анхны дижитал номын сан гэнэ.
- Орчин үеийн дизайны шийдэл бүхий ая тухтай орчинг бүрдүүлж, оюутан залууст төдийгүй эрдэмтэд, багш нарт зориулсан судалгааны лабораториудтай.
- B1 давхарт номын фонд, архив, I давхарт нэг цэгийн үйлчилгээ, гэрээр ном олгох үйлчилгээ, сонин сэтгүүлийн уншлагын танхим болон музей, номын дэлгүүр “Brandshop”, кофешоп, 2-4 давхарт уншлагын танхим, ном зүй, ном бүрдүүлэлт, каталогийн өрөө, лекцийн танхим, 5-6 давхарт судалгааны лабораториуд, хурлын танхим тус тус байрлажээ.
- Танхим бүрийн тохижилт өөр өөр загвар, өвөрмөц хэв маягтай.
- Байгалийн болон Нийгмийн шинжлэх ухааны төрөлжсөн уншлагын танхим, цахим дижитал уншлагын танхим, багш, судлаачдын танхим болон багаар ажиллах өрөөнүүдтэй.
- Номын сан нэгэн зэрэг 700 оюутанд үйлчлэх хүчин чадалтай.
- Мөн 360 мянга гаруй хэвлэмэл болон цахим ном, сонин, сэтгүүлийн сан хөмрөгтэй.
- 1000 орчим CD, зохиогчийн эрхтэй 20 гаруй цахим ном, 2000 орчим магистрын ажил, олон улсын онлайн мэдээллийг санг ашиглах боломжтой цахим уншлагын танхимтай.
- Үүнээс гадна сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий иж бүрэн тохижилттой “Ном сэргээн засварлах лаборатори” ажиллана.
- Гэрээр ном олгох бөгөөд олон хувь байгаа номуудыг 1-3 хоногоор авч явж унших боломжтой гэнэ.
- Оюутнууд шалгалтын үеэр номын санд уртасгасан цагаар үйлчлүүлэх сонирхол их байдаг учир тухайн үеэр МУИС-ийн оюутнуудад зориулан нэг уншлагын танхимыг тусгайлан гарган, шөнөөр 24 цагаар хичээллэх боломжийг бүрдүүлэх аж.
- Зөвхөн МУИС-ийн оюутнууд гэлтгүй өөр сургуулийн оюутнууд, иргэд үйлчлүүлэх боломжтой бөгөөд үүнд зориулан тусгай журам боловсруулан гаргах юм байна.