"Багш нарын цалин нэмүүлэх түр хороо” болон “Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбоо хамтран өнөөдөр Багш нарын анхдугаар онц их хурлыг МҮЭ-ийн соёлын төв ордонд зарлан хуралдлаа. Энэ үеэр багш нарын нийгмийн хангамжийг сайжруулах, цалинг нэмэгдүүлэх, эдийн засгийн боломжийн талаар “Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбооны тэргүүн, эдийн засгийн ухааны доктор Б.Дуламсүрэн илтгэл тавьсан юм.
Тэрээр илтгэлдээ: “Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбооны зүгээс 3 асуудалд анхаарлаа хандуулахыг хүсч байна.
1. Монгол Улсын тэргүүлэх салбарт ажиллаж буй Ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын багш нар, ажилчид албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх үүрэгтэй Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ өдийг хүртэл яагаад дорвитой алхам хийлгүй хойрго хандсаар байна вэ?
Засгийн газар, эрх баригчид 2016 оны Их хурлын сонгуулиар Мэргэжлийн Засгийн газар байгуулна, давхар дээлийг болиулна, цалин тэтгэврийг нэмэгдүүлнэ, зээлийн хүүг бууруулна, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ зэргээр олон сайхан амлалт бидэнд өгсөн. Амлалтууд хэзээ биелэгдэх вэ гэж асуумаар байна. Бид итгэсэн, саналаа ч өгсөн. Гэтэл өнөөдөр боловсролын салбарт өөрчлөлт шинэчлэлт битгий хэл цалингаа нэмэгдүүлэх санал санаачилга гаргасан хэдэн багш нарыг минь үл тоож элдвээр доромжлох, эвлэлдэн нэгдсэн хүчийг нь сааруулахаар оролдож байна.
2. Багш нарын цалинг нэмэгдүүлэх боломж төрд бий. Хуулиар олгогдсон эрхийнхээ төлөө тэмцэж буй багш нарын асуудлыг энэ төр шийдэх ёстой. Төрд хүсэл зорилго, итгэл сэтгэл байвал багш нарын цалинг нэмэгдүүлэх боломжууд хангалттай байна. Хэдхэн тоо баримт хэлье. 2017 оны Монгол улсын төсвийн нэгдсэн тайлангаас төсвийн нийт зардлыг 1, 740 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байх юм. Үүний зардлын задаргааг үзвэл, 915,8 тэрбум төгрөг нь УИХ болон ЗГ-ын нэг удаагийн шийдвэрээр хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний зардалд зарцуулсан байна. Энэ нь урьд оны өр, буруу шийдвэр гаргасан дарга нарын арбитрын шүүхийн зардал, бидний амьдралд огт шаардлагагүй хөтөлбөрүүдийн зардал байна.
Цаашлаад та бидний сайн мэдэх төрийн өмчийн бус сургууль, цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дүн 2016-2017 оны хичээлийн жилд СӨБ –ын байгуулагад 33864 хүүхэд, бага дунд сургуульд 31752 сурагчийн төрөөс зарцуулсан хувьсах зардлын дүн дунджаар зөвхөн нэг жилд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Түүнчлэн гадаадын зээлийн хүрээнд хэрэгжих төсөл арга хэмжээний гүйцэтгэлийг зориудаар нэмэгдүүлэн түүнийг нь холбогдох этгээдээр төлүүлэхийн оронд төсвөөс татвар төлөгчдийн мөнгөөр төлж байна. Энэ он гэхэд л 265,0 тэрбум зарцуулжээ. Дээр дурьдсан гурван зардлын жишээг үзэхэд л дүн нэг их наяд гаруй төгрөг байх жишээтэй. Энэ бол 45000 багшийн цалинг 60 гаруй хувиар нэмэгдүүлэхэд хангалттай мөнгө юм.
3. Багшдаа тусалъя эцэг эхчүүдийн холбоо болон бидэнтэй санал нэг буй олон аав ээж зорилгодоо хүртэл тууштай дэмжинэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Бид та бүхний зовлон жаргалыг багш хүний хувьд ч, ээж хүний хувьд сэтгэлээсээ ойлгож байна. Та нар бол хайрлахгүй байхын аргагүй сайхан сэтгэлтэнгүүд гэр бүл хүүхэд багш сургуулийн нандин холбоо хэлхээс юм.
Зорилгынхоо төлөө юунаас ч айлтгүй, эв нэгдэлтэй гар гараасаа хөтөлцөөд хамтдаа шударга ёсны эрх ашгаа хамгаалах үйлсийн төлөө зүтгэцгээе. Бид хамтдаа ялах болно. Эцэст нь, Ардын уран зохиолч, яруу найрагч Тангадын Галсан гуайн хэлсэн:
“Болдогсон бол тэнэгүүдийн тархийг анжисаар хагалахсан
Бордоод элдэншүүлэхэд гавалд нь ухаан тариалах юмсан”гэсэн үгийг энд онцлон хэлмээр байна.
Багш та нарын минь соён гэгээрүүлэх их үйлсийн аян их сэтгэлийн тэвчээр эв нэгдэл бидний тэмцлийн үр дүн болно гэдэгт итгэж байна. Та бүхэндээ баярлалаа.