Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайлан гаргасан талаараа Дэлхийн банк өчигдөр мэдээллээ. Уг тайланд Монгол Улсын эдийн засгийг энэ онд 2.8, ирэх жил 3.1 хувиар өснө гэж таамагласныг дурджээ. Үүнээс гадна 2019 онд манай улсын ДНБ-ийг 7.3 хувиар тэлнэ гэж таамагласныг тэмдэглээд, макро эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр нь уул уурхай, тээврийн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа гэжээ.
Бүс нутгийн хувьд энэ онд 6.4 хувиар өсөх төлөвтэй гэж дээрх банкныхан тооцсон байна. Хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт хурдсаж, түүхий эдийн ханш сэргэн, худалдаа нэмэгдэж буй зэрэг нь үүнд нөлөөлөх гадаад хүчин зүйл аж. Гэхдээ хөгжингүй зарим орны эдийн засгийн бодлого тодорхойгүй хэвээр, бүс нутаг дахь геополитикийн хурцадмал байдал улам нэмэгдэж буй, АНУ болон Евро бүс мөнгөний бодлогоо төсөөлж байснаас илүү чангаруулах магадлалтай нь эрсдэл учруулж болзошгүй аж.
Мөн бүс нутгийн олон оронд төсвийн алдагдал өндөр, эсвэл нэмэгдэж байгаагаас гадна хувийн хэвшлийн өр их хэвээр байгааг дурджээ. БНХАУ-д хөрөнгө оруулалтаас дотоодын хэрэглээнд чиглэсэн шилжилт үргэлжлэн, ирэх онд эдийн засгийн өсөлт нь удааширч, 6.4 хувь болж буурах төлөвтэй гэж жилд хоёр удаа гаргадаг уг тайланд тэмдэглэсэн байв.