Дэлхийн багш нарын өдөр маргааш буюу арван сарын 5-нд тохиох гэж буй энэ үед тэдний цалин хангамжийг нь нэмээд өгчихөөсэй гэсэн эрмэлзэл нийгэмд бий болжээ.
Тэгвэл МАХН-ын удирдлагууд ч мөн багш, ажилчдын цалинг нэмэхийг дэмжиж буйгаа илэрхийлж өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдэгдэл хийсэн юм.
С.Ганбаатар "Арванхоёрдугаар сар хүртэл багш нарын цалинг нэмэхэд 1.6 тэрбум төгрөг л шаардлагатай. 800 тэрбумаар идэж уухаа ярьдаг улс төрчид энэ зэргийг шийдээд өгөх хэрэгтэй. Сонгуулийн үеэр амлахдаа гурван ээлжээр хичээллэдэг сургуулийг болиулна гэж амлаж байсан. Тэгвэл одоо хүртэл 28 ЕБС гурван ээлжээр хичээллэж байна. Багш, ажилчид төрөөс гуйж байгаа бус амласнаа биелүүлэхийг л шаардаж буй хэрэг. Манай намын адил МАН, АН байр сууриа дорвитой илэрхийлэх ёстой гэж үзэж байна" гэв.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян "Төрд өндөр цалин хангамжтай сайд дарга нар олон бий. Тэгвэл эд нарын цалин тансаглалаас танах юм бол цалин багатай төрийн албан хаагчиддаа хангалттай мөнгө босгох боломжтой. Цалин багатай ажилчдынхаа ар талд хатуу зогсох болно гэдгээ илэрхийлж байна" гэв.