Иргэн баян бол улс баян хэмээх үг байдаг. Тэгвэл үндэсний хэмжээнд Монголбанк "Санхүүгийн боловсрол" аяныг санаачлан гурван сарын хугацаанд хэрэгжүүлэхээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
2017 оны аравдугаар сарын 2-ноос 12 дугаар сарын 31 хүртэл хэрэгжих тус аяныг БСШУСЯ, Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран олон нийтэд санхүүгийн суурь боловсрол олгох зорилгоор зарлаж байна.
Аяны хүрээнд санхүүгийн суурь боловсролын талаарх ойлголтуудыг, төсөв санхүүгийн төлөвлөлт, хадгаламж, зээл хөрөнгө оруулалт, санхүүгийн эрсдэлээс хамгаалах, даатгал, тэтгэврийн хуримтлал үүсгэх, нийгмийн даатгал болон татвар, санхүүгийн үйлчилгээний тухай гэх мэт санхүүгийн мэдлэг олгох хөтөлбөрт тусгасан сэдвүүдээр мэдээлэл өгч, сургалт уулзалтуудыг зохион байгуулна.
Аяны үр дүнд иргэд санхүүгийн үйлчилгээтэй холбоотой мэдлэг мэдээлэлтэй болсноор аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн оновчтой шийдвэр гаргадаг болох, хувийн болон өрхийн санхүүгийн зөв дадлыг хэвшүүлнэ хэмээн зорьж байна. Санхүүгийн боловсрол аянаар дээрх чиглэлийн хүрээнд сургуулийн насныхан, залуу үе, олон нийт гэсэн ангиллаар мэдээ мэдээлэл түгээх юм байна.
Бид хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээгээ хангахыг тэмүүлдэг. Тэгвэл хэрэгцээгээ бүрэн хангахын тулд хязгаарлагдмал нөөц, хөрөнгө мөнгийг зөв зарцуулахтай холбоотой хувь хүний санхүүгийн төлөвлөлт чухал юм.