Намар бүр нийслэлчүүдийн санааг зовоож, хэл ам багагүй дагуулдаг зүйл нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал байдаг. Энэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн зүгээс ихээхэн анхаарал хандуулж, хүчин чармайлт гарган ажилласан байна. Тухайлбал,
Нийслэлийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд 49 цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээсэн бөгөөд нийт 672 цэцэрлэг ажиллаж, сургуулийн өмнөх боловсролын хүртээмж 77,6% болж өссөн байна. Шинээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн 49 цэцэрлэгийн 13 нь төрийн өмчийн цэцэрлэг бол 36 нь төрийн бус өмчийн хэлбэрээр үүд хаалгаа нээж, хүүхдүүдээ хүлээн авч эхлээд байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хороо бүрийг цэцэрлэгтэй болгож, цэцэрлэгийн хамран сургалтыг 85 хувьд хүргэх буюу олон улсын стандартад нийцүүлэх зорилт тусгасан бөгөөд Нийслэлийн боловсролын газраас “энэхүү зорилтод хүрэх боломжтой, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын болон өргөтгөлийн ажлууд уг зорилтыг биелүүлэхэд чиглэж байгаа” гэж мэдээллээ. Мөн хотын дарга энэ хичээлийн жилээс эхлэн цэцэрлэгт шинээр хамрагдах хүүхдүүдийг “цахим” хэлбэрээр бүртгэх ажлыг эхлүүлсэн нь төрийн албаны хүнд суртал, авилга, хээл хахуулийг халахад нааштай алхам боллоо гэж эцэг, эхчүүд талархан хүлээн авсан юм.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хувьд энэ жил зарим эерэг өөрчлөлтүүд гарсан байна. 2016-2017 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 225 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байсан бол энэ намар төрийн өмчийн 10, төрийн бус өмчийн 11 сургууль шинээр ашиглалтад орж, нийт 10.680 сурагч нэмж хүлээн авах боломжтой болжээ. Мөн энэ онд 8 сургуулийг 3 ээлжээс 2 ээлжид шилжүүлсэн бөгөөд хотын даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу 2020 он гэхэд нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургууль 2 ээлжээр хичээллэнэ.
Үүнээс гадна ерөнхий боловсролын ердийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчин бүрдүүлэх тал дээр ахиц дэвшил гарчээ. Тодруулж хэлбэл нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургууль тус бүрт 100 сая төгрөгийн тохижилтын ажил хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчныг бий болгосон байна. Монгол Улсын 2017 оны төсөв хүндрэлтэй, шинэ бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө санхүү дутмаг байсан ч нийслэлийн иргэн бүрийн санаа зовинон хүлээдэг боловсролын бүтээн байгуулалтын ажил 2017-2018 оны хичээлийн жилд чамлахааргүй амжилттай шинэ хичээлийн жилтэйгээ золголоо