Монголын ууган МУИС байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ой энэ сарын 5-6 нд тохиож байна. Ойн хүрээнд зохион байгуулах ажлын талаар өнөөдөр номын сандаа сэтгүүлчдэд мэдээллээ.
Я.Төмөрбаатар “ МУИС нь 1942 онд анагаах ухаан, зоотехник, багш нарын гэсэн 3 факультет, математик, физик, биологи, ерөнхий хими, органик хими, мал эмнэлэг, анатоми гэсэн 7 тэнхимтэй байгуулагдаж, үндсэн ангид 93, бэлтгэл ангид 53 оюутан элсүүлж, анхны хичээлээ эхэлсэн түүхтэй. Өдгөө 71 удаагийн төгсөлтөөр 100 мянга орчим их сургуулийн боловсролтой мэргэжилтэн бэлтгэж, бакалавр, магистр, докторын сургалт явууллаа. Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны тэргүүлэгч гол төв болон өсөн бэхжиж ирлээ. 75 жилийн ойн босгон дээрээ бид дэлхийн жишигт нийцсэн номын сан ашиглалтад орж, Монголын анхны хиймэл дагуул “Мазаалай”-г сансарт хөөргөж томоохон амжилтаар өмнөх ололтоо бататган угтаж байна. МУИС-ийг сургалтад суурилсан их сургуулиас тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий академик мэдлэгийг нийгэм-эдийн засгийн эргэлтэд оруулдаг, хөгжил дэвшил хувь нэмрээ оруулдаг, либерал арт боловсрол олгодог цогцолбор судалгааны их сургууль болгохын сацуу Азийн тэргүүлэх 100 сургуулийн нэг болгох зорилт тавин ажиллаж байна” гэдгийг онцлов.
Захиргаа дотоод хамтын ажиллагаа эрхэлсэн Ч.Ундрам: "Сургуулийн нүүр царай болсон номын сан маань 14 тэрбум төгрөгийн хөрөнгөөр боссон. Архивтаа одоогоор 360 мянга гаруй хэвлэмэл болон цахим сан хөмрөгтэй, олон улсын онлайн мэдээллийн сангуудыг ашиглах боломжийг бүрдүүлсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүхий гэдгээрээ онлог юм. Сургуулийнхаа 75 жилийн ойн үеэр номын сангаа нээж байгаадаа баяртай байна" гэв
Тус сургууль нь өнөөдөр 20 мянга гаруй оюутан 1500 гаруй салбар бүрийн шилдэг тэргүүлэх доктор профессор, багш ажилчид, 5 бүрэлдэхүүн сургууль, 2 салбар сургууль, 44 тэнхим, бие даасан 21 нэгжтэй үйл ажиллагаа явуулж байна.
Ойн хүрээнд:
- Томоохон хурал зөвлөгөөн, цэнгүүн
- Шинэ номын сангийн нээлт,
- МУИС эрдмийн музей,
- МУИС brand shop зэргийг нээхээр төлөвлөжээ.
Мөн “МУИС-Хөрөнгө оруулалтын форум”-ыг энэ сарын 05-нд зохион байгуулах юм. Энэхүү хуралд гадаад дотоодын 150 төлөөлөгч оролцож МУИС-ийн гадаад, дотоод хамтын ажиллагаанд нэн тэргүүнд хэрэгцээтэй арга замыг нээх, МУИС-ийг ирээдүйд хөгжүүлэхэд түлхэц болох хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг танилцуулна гэдгийг зохион байгуулагчид нь хэллээ.