Нарны зам дагуу байрлах “Аз хур” дэлгүүрээс ном авахаар дугаарласан иргэд урт дараалал үүсгэв. Тус дэлгүүр өнгөрсөн баасан гаригаас эхлэн 72 цагийн турш 72 хүртэлх хувийн хямдралтай худалдаа явуулсан юм. Уг нь нэг дор 1000 хүн хүлээн авах хүчин чадалтай ч өнгөрсөн сарын 29-нд ном худалдан авахаар ирсэн хүмүүсийн тоо ачааллаас нь хэд дахин давжээ. Зарим хүн 06.00 цагаас эхлэн дэлгүүрийн үүдэнд 3-4 цаг дугаарласнаа хэлсэн.
Тус дэлгүүр зургаан тасаг бүхий 1000 ам метр талбайд, 10000 гаруй ном худалддаг аж. 72 цагийн хямдралтай худалдааг 2015 онд санаачилж, уламжлал болгон зохион байгуулж буй. Номын хямдралтай худалдааны үеэр “Аз хур”-ынхан иргэдэд үнэ төлбөргүй автобусаар үйлчилжээ. Автобус “Өргөө-1” кино театрын урд, Зүүн дөрвөн замын хойд талын буудлаас тодорхой цагийн хуваарийн дагуу хөдөлнө. Номын худалдаа өнөөдөр 21.00 цаг хүртэл үргэлжилнэ.