Азийн хөгжлийн банк жил бүр “Азийн хөгжлийн төлөв” тайлан гаргадаг. Тэгвэл “Азийн хөгжлийн төлөв 2017”-гийн шинэчилсэн хувилбараа өчигдөр танилцууллаа. Тус банк Монгол Улсын эдийн засгийг энэ онд дөрөв, ирэх жил гурван хувиар өснө гэж таамагласнаа уг тайланд тэмдэглэжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард дээрх тоог 2.5, хоёр хувь байна гэж тооцоолж байсан юм.
Нүүрсний экспорт цаашид өндөр хэвээр байх төлөвтэй, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд ач холбогдолтой ОУВС-гийн хөтөл бөр хэрэгжүүлэхээр болсон нь таамаглал гаргах хугацаанд өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйл болжээ. Эргэн сануулахад, 2016 онд 1.2 хувиар өсөж байсан эдийн засаг энэ оны эхний хагаст 5.3 хувиар тэлсэн билээ. Монгол Улсын эдийн засагт 1-6 дугаар сард эерэг үзүүлэлт гарсан нь нүүрсний экспорт нэмэгдэж, бизнесийн орчин сайжирснаар цаашид үргэлжлэх төлөвтэй гэнэ.
Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад үргэлжлүүлэн анхаарч, гадаад орчин таатай хэвээр байвал Монгол Улсын эдийн засаг улам сэргэх боломжтой гэж тус банкны шинжээчид үзжээ.
Дээрх тайланг танилцуулах үеэр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен “Ази, Номхон далайн бүс нутгийн ДНБ энэ онд 5.9 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ нь 2016 онд 5.8 хувь байснаас ялимгүй өссөн дүн. Мөн бидний өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан таамгаас 0.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давсан, дэлхийн худалдаа эрчимжсэний сацуу голлох үйлдвэрлэгч улсуудын эдийн засаг сэргэх төлөвтэй, бүс нутгийн хэмжээнд хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь эерэг нөлөө үзүүлсэн” хэмээн тодотгов.
Бас тэрбээр “Монгол Улс уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх нь улс орны ирээдүйн хөгжилд чухал ч тус салбарт тулгуурласан өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй байлгах, мөн эдийн засгийг төрөлжүүлж, илүү өндөр бүтээмж бий болгохын тулд бүр ч их зүйл хийх хэрэгтэй” гэж ярилаа.
Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Деклан Магий “Олборлох болон боловсруулах үйлдвэрлэл Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлсөн. Энэ оны эхний хагаст нүүрсний экспорт огцом нэмэгдэж, гадаад худалдааны ашиг өнгөрсөн оны мөн үеэс 69.5 хувиар өссөн. Мөн урсгал дансны алдагдал 42 хувиар буурч ДНБ-ий 5.6 хувьтай тэнцэж байна.
Гадаад валютын албан нөөц зургадугаар сарын төгсгөлд 2016 оны эцсийнхтэй ойролцоо буюу 1.3 тэрбум ам.доллар байсан нь 2.6 сарын импортын дүнтэй тэнцэхүйц юм” гэв. Түүнчлэн тэрбээр “Түүхий эдийн ханш хямдрах, газар нутгийн дийлэнх хэсэг ганд нэрвэгдсэн нь газар тариалан, мал аж ахуйн салбарт нөлөөлж, Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарах эрсдэл учруулж болзошгүй” хэмээн сануулсан юм.
Тэгвэл өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлд урд хөршийн эдийн засгийн үзүүлэлт сайжирсан нь үргэлжилж, нүүрсний дотоодынх нь нийлүүлэлтэд шок үүсэх, зэсийн үнэ дээшлэх зэргийг нэрлэж болох аж. Деклан Магий “Энэ оны эхний хагаст эдийн засгийн үзүүлэлт үргэлжлэн сайжирч, 2017 онд Монголын ДНБ дөрвөн хувиар өсөхөөр байгаа” гэлээ.
Монгол Улсын инфляц эхний хагас жилд дунджаар гурван хувьтай байсан нь өнгөрсөн онд төгрөгийн ханш суларсантай холбоотой. Тэгвэл инфляц энэ онд гурав, 2018 онд 3.4 хувь байна гэж Азийн хөгжлийн банкныхан таамаглажээ. Оны хоёрдугаар хагаст импортын хэмжээ үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй учраас урсгал дансны алдагдал 2017, 2018 онд өсөхөөр байгаа аж. Дээрх тайланд бүс нутгийн хэмжээнд инфляцын дундаж хэмжээг гурваас 2.4, ирэх жилийнхийг 3.2-оос 2.9 хувь болгон бууруулж таамагласнаа дурджээ. Газрын тос, хүнсний үнэ тогтвортой байгааг харгалзан ийн тооцсон байна.
Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Л.Амар “Монгол Улс бондын өрөө төлөхийн тулд төсвөө ашигтай баталж, нөөцтэй болох нь чухал. Ийм бололцоог ойрын хугацаанд бүрдүүлэх нь хүндрэлтэй байгаа учраас өндөр хүүтэй зээлүүдээ дахин санхүүжүүлэх боломж эрэлхийлэх нь зүйтэй. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсон нь Монгол Улсад дахин санхүүжилт хийх боломж олгож байгаа” хэмээн ярилаа.
Энэ удаагийн тайланд төр, хувийн хэвшлийн түншлэлийн сэдвийг чухалчлан үзжээ. Азийн хөгжлийн банкны тооцсоноор Ази, Номхон далайн бүс нутгийн өсөлтийг тогтвортой хадгалахын тулд 2030 он хүртэл жил бүр 1.7 их наяд орчим ам.долларын хөрөнгийг дэд бүтцэд зарцуулах шаардлагатай аж.
Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк ирэх дөрвөн жилд хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегиа өнгөрсөн тавдугаар сард хэлэлцэн, баталсан. Энэ нь эдийн засгийн хүндрэлтэй үед хүртээмжтэй өсөлтийг хангахад ач тустай гэнэ. Үүний хүрээнд 2020 он хүртэл тус банк манай улсад 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгох агаад нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг төрөлжүүлэхэд нөлөөтэй дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих гэсэн үндсэн гурван чиглэлд төвлөрөн ажиллах нь.