Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дипломын дэнчин Боловсролын зээлийн санд дарамт учруулав

Өнгөрсөн онд 4753 оюутан Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл авчээ. Нийт төсөв нь 6.5 тэрбум төгрөг. Энэ нь уг сангийн түүхэн дэх хамгийн “муу” үзүүлэлт аж. Зээлийн санхүүжилт, сургалтын төлбөрөө шийдүүлсэн оюутны тоо эрс багассан гэсэн үг. Тухайлбал, 2018 онд үүнээс хоёр дахин олон буюу 9231 оюутанд 13.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Харин уржнан дөрөв дахин олон буюу 18 649 суралцагчид 26.5 тэрбум төгрөг “өгчээ”. Үүнээс өмнөх жилүүдэд дунджаар 30 орчим тэрбум төгрөгийг энэ төрлийн зээлд төсөвлөдөг байж.

Тухайн жилийн нийгэм, эдийн засгийн байдал, төсвийн орлогын бүрдүүлэлт зэргээс хамаараад Боловсролын зээлийн сан жилд дунджаар 10-20 мянган суралцагчийг оюутны хөгжлийн зээлд хамруулж иржээ. Байгуулагдсан цагаасаа (1993 он) өнөөдрийг хүртэлх хугацаанд 1.4 сая оюутанд нэг их наяд төгрөгийн буцалтгүй тусламж, зээл олгосныг мэргэжилтнүүд хэллээ. Манай улсын нийт хүн амын 40 гаруй хувь нь өгөөж хүртэж, боловсролдоо хөрөнгө оруулсан гэж дүгнэж болох нь. Харин цаашид энэ сан зорилтот түвшиндээ ажиллаж, жил бүр 10-20 мянган оюутанд зээл олгож хүчрэх, эсэх нь бүрхэг байна. Учир нь 13.6 мянган оюутан зээлээ барагдуулаагүйгээс Боловсролын зээлийн сан 16 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд буй юм.

Эл сан тэтгэлэг, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгодог. Хөнгөлөлттэй буюу оюутны хөгжлийн зээлийг тэргүүлэх чиглэлийн мэргэжил (Засгийн газраас баталсан)-ээр дотоодын их, дээд суралцагч оюутнуудыг дэмжих зорилгоор санаачилсан. Ингэхдээ элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 600-гаас дээш, өдрийн ангид суралцагч бакалаврын түвшний оюутны голч дүн 2.8, магистрант, докторантынх 3.2-оос өндөр байх үндсэн шалгуур тавьдаг. Түүнчлэн дээд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгүүлсэн байх ёстой бөгөөд зээлд хамрагдах хүсэлтэй оюутнуудаар ирээдүйн зорилго, ажлын байр, мэргэжлийн онцлогийнх нь тухай эсээ бичүүлдэг. БШУЯ-ны холбогдох албаны мэргэжилтнүүд энэ бүхнийг харгалзсаны үндсэн дээр сургалтын төлбөрийн зээл олгодог. Ингэхдээ тухайн суралцагчийн дипломыг барьцаалдаг. Өөрөөр хэлбэл, их, дээд сургуулиа төгссөнөөс тодорхой хугацааны дараа зээлээ барагдуулж, дипломоо авах ёстой. Үндсэндээ диплом барьцаалсан наймаа гэсэн үг.
Диплом гэдэг бол тухайн хүн их, дээд сургуульд суралцсаныг, зохих түвшний мэдлэг, боловсрол эзэмшсэнийг, сургалтын төлбөрөө бүрэн төлснийг гэрчлэх баримт. Тиймээс ямар нэг эд хөрөнгө барьцаалалгүй, зөвхөн үүнийг оюутны хөгжлийн зээлийн баталгаа болгосон юм. Гэвч зээл олгож эхэлсэн үеэс найдваргүй зээлдэгч олноор бий болж, 1993-2016 онд 15 000 хүн Боловсролын зээлийн санд дипломоо “дурсгажээ”. Төр иргэддээ боломж олгосныхоо төлөө олон тэрбумын алдагдал хүлээв. Зээл олгох, эргэн төлөх үйл явцын дунд хариуцлагаас үүдэлтэй “ангал” үүссэнээс дараа үеийн төгсөгчдөд олгох боломж хумигдав. Хариуцсан мэргэжилтнүүд нь “Зээлээ төлөөгүй олон хүн байгаа учраас дараа дараагийн оюутанд олгох санхүүжилт хойшлох, багасах хүндрэл үүсэж байна” гэв. 2020 онд оюутны хөгжлийн зээлийн санхүү­ жилтийг эрс багасгасан нь цар тахлын нөхцөл байдлаас гадна зээлийн буцаан төлөлттэй холбоотойг дурдлаа. Энэ жил гэхэд шинэ оюутан буюу нэгдүгээр дамжааныханд сургалтын төлбөрийн зээл олгоогүй бөгөөд зөвхөн өмнөх онуудад ийм нөхцөлөөр сурсан II, III, IV ангийнханд дэмжлэг үзүүлжээ.

Засгийн газар хоёр ч удаа тогтоол гаргаж, найдваргүй зээлдэгчдийг харж үзсэн. Тухайлбал, 2004 онд 22 дугаар тогтоол гаргаснаар 2003-2004 оны хичээлийн жилээс өмнө их, дээд сургууль төгссөн залуусыг сургалтын зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлсөн. Дараа нь 2008 онд 178 дугаар тогтоол гаргаж, 2007-2008 оны хичээлийн жилээс өмнө төгссөн оюутнуудыг тодорхой шалгуур (голч дүн нь 2.8-аас дээш, мэргэжлээрээ хоёр болон түүнээс дээш жил ажилласан гэх мэт)-ыг үндэслэн сургалтын төлбөрийн зээлээс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн юм. Эдгээр оноос өмнөх үеийн төгсөгчдийн зээлийн үлдэгдлийг тэглэсэн гэсэн үг. Одоо 2008-2016 онд төгсөгчдийн диплом, зээлийн үлдэгдэл Боловсролын зээлийн санд тунаж үлдээд байна.

Тус сангийнхан өнгөрсөн хавар “Сургалтын төлбөрийн зээлийн үлдэгдэлтэй 15 000 иргэн бий” хэмээн мэдээлж, төгсөгчдийг өрөө барагдуулж, дипломоо авахыг уриалсаар байв. Үүнээс хойш 1500 ор­ чим хүн дипломоо авчээ. Саяхнаас “Зээлээ барагдуулаагүй хүмүүсийн мэдээллийг Монголбанкны “хар жагсаалт”-д оруулна” гэж “сүрдүүлж” эхэлснээр тус санд хандах хүний тоо эрс нэмэгджээ.

Дан ганц диплом барьцаалах нь оюутны хөгжлийн зээлийн баталгаа болж чадахгүй, алдагдалд оруулж байсан учир 2018 оноос өөр журам мөрдөж эхэлсэн. Тухайн оюутансургуулиа төгссөнөөс хойш зургаан жилийн дотор зээлээ эргэн төлөх нөхцөл санал болгосон юм. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд тогтвортой ажлын байртай болж, санхүүгийн чадамж нь сайжирна гэж тооцоолжээ. Түүнч­ лэн зээлдэгчдийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд албан ёсоор бүртгэж, төлбөрөө хугацаандаа барагдуулаагүй, хариуцлага алдсан тохиолдолд “хар жагсаалт”-д оруулах зохицуулалт бий болгосон. Боловсролын зээлийн сангийн “улаан жагсаалт”-аас Монголбанкны “хар жагсаалт”-д шилжүүлсэн гэсэн үг. 2018 оноос мөрдөж эхэлсэн энэ журмын нөхцөлөөр сургалтын төлбөрийн зээл авсан төгсөгчид 2027 оноос өрөө барагдуулж эхлэх нь. Тодруулбал, эл шийдэл хэр оновчтой, үр дүнтэй вэ гэдгийг одоо дүгнэхэд дэндүү эрт байна. Магадгүй оюутны хөгжлийн зээлийг эхнээсээ ийм нөхцөлөөр олгосон бол Боловсролын зээлийн сан өдий хэмжээний алдагдал хүлээхгүй байсан ч байж мэднэ.

Боловсролын зээлийн сан гадаадад их, дээд сургуульд суралцах оюутнуудад хөнгөлөлттэй зээл олгодог. Үүнийг гадаад зээл гэж тодотгодог. Оюутны хөгжлийн зээлээс ялгаатай нь энэ төрлийн зээлийг олгохдоо үл хөдлөх хөрөнгө барьцаалдаг. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан ажлаа авсан цагаасаа эхлээд “Гадаадад хөнгөлөлттэй зээлээр сурч буй оюутнуудын дийлэнх нь төрд өндөр албан тушаал хашдаг, чинээлэг айлын хүүхэд байна. Албан тушаалын давуу байдлаа ашигласан хэн нэг дарга, эрх мэдэлтний хүүхдийг сургах төлбөрийг төр төлөхгүй” хэмээн байр сууриа илэрхийлсээр ирсэн. Энэ асуудлыг удаа дараа хөндөж, холбогдох байгууллагуудад танилцуулсны үр дүнд зээлийн журмыг шинэ чилсэн. Хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүүхдийг нээлттэй сонгон шалгаруулж, олон нийтэд мэдээлэхээр болсон юм. Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболд “Хамгийн их шүүмжлэл дагуулдаг гадаад зээлийн асуудал нэг талдаа гарлаа” хэмээсэн бол Л.Энх-Амгалан сайд “Хэний хүүхэд, аль сургуульд, ямар нөхцөлөөр сурч буйг нээлттэй харуулдаг, мэдээлдэг болгоно” гэж ам гарсан.

Үүнийг хэрэгжүүлж чадвал сайн жишиг болох нь гарцаагүй. Оюутны хөгжлийн зээл авсан хүмүүсийг ч ийм байдлаар тодруулж, мэдээллийг “шилэн” болгох нь зүйтэй мэт санагдана. Олгосон боломж, хүлээлгэсэн итгэлийг хөсөрдүүлсэн хүмүүст энэ дайны “шийтгэл” ногдуулж, хариуцлага тооцоход буруудах зүйл юун. Төсвийн мөнгө уйлдаггүй гээд түмний хүүхдүүдийн боломжийг хулгайлж боломгүй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.