Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шатахууны “зах”-аас төрийн саврыг татъя

…Салбарын яамнаас шатахууны ханшийг чөлөөт зах зээл рүү шилжүүлэх бодлого баримтлах бололтой. Шатахууны үнийг огцом өсгөж, эдийн засгаа доргиосон дээрх жишээнээс харахад ингэх нь зөв…

Импортлогчид шатахууны үнийг литр тутамд нь сарын өмнөхөөс 400-650 төгрөгөөр өсгөсөн нь олны анхаарлыг татаж, бухимдлыг нь төрүүлээд байна. Бүх төрлийн шатахууны үнэ ойролцоогоор 40 хувиар нэмэгджээ. Эдийн засгийн суурь ханш болдог шатахууны үнэ богино хугацаанд огцом нэмэгдсэн учир олон нийт бухимдах нь аргагүй. Шатахууны ханш өсөнгүүт тээврийн зардал нэмэгдэж, үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсдөг жаягтай. Өөрөөр хэлбэл, инфляц өсдөг гэсэн үг. Ингэснээр иргэдийн худалдан авах чадвар бууран, амьдралд нь дарамт үүсдэг. Бензиний үнэ өсөнгүүт Улаанбаатар хотод такси нэг км тутамд 1500 төгрөгийн хөлстэйгөөр үйлчилж эхэллээ. Энэ нь үнэ ханш өсөж эхэлсний бодит илэрхийлэл юм.

Зарим хүн олон нийтийн сүлжээнд шатахууны импортлогч компанийн эзэд үнийг огцом нэмлээ гэж шүүмжилж байна. Шатахууны үнийг Засгийн газар зохицуулдаг. Тиймээс зохицуулалтын дагуу үнэ нь тогтдог гэсэн үг. Тэгэхээр шатахууны үнийг огцом өсгөж, иргэдийг бухимдуулах шалтгааныг Засгийн газар үүсгэсэн хэрэг. Тодруулбал, шатахууны үнийг огцом өсгөх нөхцөл бүрдүүлснээрээ төр буруутай.

Өдгөөгөөс жилийн өмнө А-80 болон АИ-92 бензиний үнэ литр нь 1450, АИ-95-ынх 1800, дизель түлшнийх 2090 төгрөгт хүрсэн. Түүнээс хойш тогтвортой байлгаж байгаад үнийг сая гэнэт өсгөсөн нь энэ. Шатахууны үнэ өнгөрсөн оны сүүлийн хагас жилд тогтвортой байсан нь газрын тосны ханштай холбоотой. Өнгөрсөн оны сүүлийн хагаст баррель газрын тосны үнэ дэлхийн зах зээлд 40-49 ам.долларт хэлбэлзэж байв. Тухайн үед газрын тосны ханш харьцангуй хямд байсан нь шатахууны үнэ тогтвортой байх нөхцөл бүрдүүлж байлаа. Тэгвэл энэ оны нэгдүгээр сард баррель газрын тосны үнэ огцом өсөж, 54 ам.долларт хүрсэн. Улмаар энэ оны зургадугаар сар гэхэд 73 ам.доллар болов. Товчхондоо, газрын тосны ханш шатахууны үнийг өсгөхөөс аргагүй болтол нэмэгдсэн. Гэвч Засгийн газар үнийг тогтвортой бариад байв. Эцэст нь ийн огцом өсгөлөө.

Шатахууны үнийг огцом өсгөх нь эдийн засагт доргилт өгч, сөргөөр нөлөөлнө гэдгийг Ерөнхий сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нар сайн мэднэ. Гэвч яагаад бодлогын муу сонголт хийсэн юм бол. Шатахууны үнийг эдийн засагт доргилт үүсгэхгүйгээр бага, багаар нэмэх боломж байсан. Ийм зөөлөн бодлого яагаад баримтлаагүй юм бэ.

Энэ бол улс орны эрх ашиг биш, улс төрийн ашиг хонжоо харсан бодлого байсан нь тодорхой. Засгийн газар Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл шатахууны үнийг өсгөхийг хүсээгүй. Тиймээс шатахуун импортлогчдын хүсэлтийг хүлээж аваагүй. Түүгээр зогсохгүй цар тахлын үед нийгмийн хариуцлага хэрэгжүүлж, шатахууны үнийг тогтвортой байлга гэж “дарамталсан”. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын ахлах шинжээч Ч.Хишигдалай “Импортлогч компаниуд шатахууны үнийг нэмэх хүсэлт удаа дараа гаргаж байсан. Манай яамнаас импортлогч компаниудын дулаан, цахилгааны төлбөрийг төрөөс дааж байгаа, мөн хямд үнээр худалдаж авсан шатахууны нөөцтэй гэсэн үндэслэлээр ханшийг нь тогтвортой байлгах санал гаргаж байсан. Үүнээс гадна газрын тосны үнэ буурч, 50 ам.долларт тогтворжино гэж тооцсон” гэв. Тэгвэл баррель газрын тосны үнэ 70 ам.доллар давсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан байнд ч үгүй, банзанд үгүй тооцоолол хийсэн байгаа биз.

ОПЕК-ийн орнууд газрын тосны олборлолтоо өдөрт 10 сая баррелиар бууруулах шийдвэр гаргасны улмаас ханш нь нэлээд өсөх нь тодорхой болсон үед ийм өөдрөг тооцоолол хийсэн нь Засгийн газрын алдаа юм. Засгийн газар хуурмаг тооцоолол гаргаж, түүнийгээ гул барин импортлогчдын санааг амраах тайлбар хийн, Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнгөртөл шатахууны үнийг тогтвортой байлгах арга сэдсэн гэж хардаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусаж, ялагч тодроод тангаргаа өргөсний дараахнаас шатахууны үнэ нэмэгдсэн. Засгийн газар “Бид улс төрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлж, эрх баригч намаас Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа. Одоо та нар шатахууны үнийг өндөр дүнгээр нэмж алдагдлаа нөх. Ингэхдээ нэг дор нэмж хэрэггүй. Хоёр хувааж нэмээрэй” гэж импортлогчидтой тохирсон байх. Шатахууны үнэ нэг сард хоёр удаа нэмэгдсэн нь ийм хардлага төрүүлж байна.

Импортлогчид шатахуунаа хямд үнээр борлуулснаас үүдэж 40 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Үүнийг нөхөхийн тулд шатахууны үнийг литр тутамд нь ийн 400-650 төгрөгөөр нэмсэн хэрэг. Шатахууны үнэ огцом нэмэгдэхэд төр буруутай нь тодорхой харагдаж байгаа биз. Тэгвэл одоо яах вэ. Импортлогчид Засгийн газар шатахууны үнэд зохицуулалт хийхээ болих хэрэгтэй гэж байнга сануулдаг. Засгийн газар үнийн зохицуулалт хийхдээ бизнесийн зарчим биш, улс төрийн ашиг хонжоог өмнөө тавьдаг нь тэднийг залхаадаг гэж зарим нь “шивнэж” байсан удаатай.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон газрын тосны үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцах үеэрээ “Шатахууны үнийг чөлөөт зах зээл рүү шилжүүлэх нь зүйтэй болов уу” гэж ярьжээ. Тэгэхээр салбарын яамнаас шатахууны ханшийг чөлөөт зах зээл рүү шилжүүлэх бодлого баримтлах бололтой. Шатахууны үнийг огцом өсгөж, эдийн засгаа доргиосон дээрх жишээнээс харахад ингэх нь зөв. Коммунист дэглэмтэй өмнөд хөршид энэ он гарснаас хойш шатахууны үнэ 12 удаа нэмэгдсэн байна. Чөлөөт зах зээлийн зарчмын дагуу үнийг тогтоодог учраас газрын тосны ханшийн өсөлттэй уялдуулан бага, багаар нэмсэн хэрэг. Ингэх нь эдийн засгаа доргиохгүй сайн талтай. Газрын тосны ханш өсвөл дотоодын зах зээлд шатахууны үнэ дээшилж, буурвал дагаж доошилдог жишиг тогтсон гэсэн үг.

Манай улсад шатахууны үнийг чөлөөт зах зээлийн зарчимд шилжүүлбэл монопол компаниуд үнийг бууруулахгүй гэж болгоомжилдог. Шатах, тослох материалын зах зээлд цөөн компани үйл ажиллагаа явуулж байсан үед үгсэн хуйвалдаж үнэ тогтоож байсан тохиодол бий. Тэгвэл өдгөө шатах, тослох материалын зах зээлд олон шинэ компани үйл ажиллагаа явуулдаг болсон. Өөрөөр хэлбэл, монопол задарсан гэсэн үг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас бүх төрлийн шатахуун импортлох, бөөн болон жижиглэн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 105 компани бий. Хамгийн том компани нь зах зээлийн 20 хувийг шатахуунаар хангадаг болсон. Тиймээс өрсөлдөөний талбар үүссэн гэж үзэж болно. Шатахууны зах зээлийг төрийн “савар”-аас холдуулчихвал үнэ огцом нэмэгдэх муу үр дагавраас ангижрах нь тодорхой. Шатахууны ханш эдийн засгийн суурь үнэ болдгийг дээр дурдсан. Том зургаар нь харвал, эдийн засагт бодит үнэ тогтоож, чөлөөт зах зээлийн хөгжлийг дэмжихийн тулд суурь үнийг хатуу зохицуулахаа болих хэрэгтэй.

1
Зөв, гоёЗөв, гоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Шатахууны “зах”-аас төрийн саврыг татъя

  • Монгол says:

    Чөлөөт зах зээл гэж юу гэх онолын тодорхойлолтоо мэдэхгүй хүн эдийн засгийн чиглэлээр нийтлэл бичиж анализ хийх гэж оролдохоо болих хэрэгтэй.
    Чөлөөт зах зээл гэдэг нь эрэлт,нийлүүлэлтийн сүлжээнд хувь хүн өөрийн шийдвэрээр орж гарахад чөлөөтэй зах зээлийг хэлэх бол тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэлт буюу борлуулалт хийх эрх эдэлж байгаа зах зээлийг монополь ба олигополь зах зээл гэнэ.Энэ 2 зах зээлийн үнийг тусгай зөвшөөрөл өгсөн төр заавал хянаж байж тусгай зөвшөөрөл олж авах боломжгүй нийтийн эрх ашгийг хамгаалах Үндэсн хуулийн үүргээ биелүүлнэ.