Амралтын өдөр зохион байгуулсан бүтэн 12 цагийн арга хэмжээ эхлэлээсээ төгсгөл хүртэл танхим дүүрэн оролцогчидтой байсан тохиолдол Монголд өдрийн од шиг цөөн байх. Ялангуяа өнөөгийн залуусыг хурлын танхимд өдөржин уях амаргүй атал “Ноорог”-ийнхон өнгөрсөн бямба гарагт “Контент конфренц 2025” арга хэмжээг ямар өргөн хүрээнд, хэчнээн халуухан уур амьсгал дор зохион байгуулав аа. Харин нөгөө талд нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ес дэх хуралдаан бямба гараг бүрд Яармагийн “Хангарьд” ордонд болдог ёсоороо болж, “дүрмийн дагуу” тодорхой шийдсэн асуудалгүй, өмнөх үүрэг даалгаврын биелэлтээ ч тодотгон дүгнэхгүй, сайд, дарга нар нь үүрэглэсхийгээд өнгөрүүлэв.
Энэ л ялгааг илчилж “Хаан шалдан байна” гэж зоригтойгоор хашхирч чадах, нийгмийнхээ болох, болохгүйг бүтээлчээр шүүмжилж, өөрчлөлтийн төлөө эцсээ хүртэл баттай зогсож чадах хүрээлэл, нөлөөллийг “Ноорог”-ийн залуус хэдийн бий болгожээ. Монгол залуусын саруул ухаанд итгэх ёстойг олон хүнд ойлгуулсан чухал ач холбогдолтой арга хэмжээ байлаа.
Хэвлэл мэдээлэл, медиа маркетинг, контент бүтээгчид, шог зураач, анимэ манга уран бүтээлчид, нийгмийн сүлжээний нөлөөлөгчдийн нэгдсэн цугларалтаар “Бичих чадвараа хэрхэн сайжруулах вэ”, “Бүтээлч байдлаа хэрхэн тэжээх вэ”, “Хэрэв би буцаад 00 subscribe-тай болбол ингэж эхэлнэ”, “Контент салбарт технологийн нөлөө”, “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”, “Чанартай контент хийх техник ур чадварууд” гэсэн сэдвийн хүрээнд томоохон хэлэлцүүлэг өрнүүлсэн нь энэхүү үйл ажиллагааны чанар чансаа, зорилго, алсын харааг тодорхойлох биз. Жижиг зах зээлд амжилттай niche media хийсэн туршлагаа “Лемон пресс”-ийнхэн хуваалцаж, монгол брэндийг дэлхийд хэрхэн гаргах боломжтойг “HU” хамтлагийн жишээн дээр Б.Дашдондог продюсер зөвлөж, AI эриний цунамид хохирол багатай өртөх, эргүүлээд бүтээлч байдлаар яаж ашиглах тухай С.Цогтбаяр зураач үнэтэй зөвлөгөөгөө харамгүй хэлсэн. Хариуцлагатай бас хүний эрхийн мэдрэмжтэй контент бүтээгч байхын чухлыг ойлгож, брэнд хийгээд бүтээгчдийн хамаарал, зүй тогтлыг ухаж, мөн олон улсад “free¬lance journalism” хэрхэн хийх тухай, чанартай контент бүтээх техник ур чадваруудад суралцах үнэ цэнтэй олон мэдээлэл сонссон хүмүүс энэ арга хэмжээнд оролцохоор 50 мянган төгрөг төлсөндөө, зарцуулсан цагтаа харамсахааргүй, харин ч сэтгэл хангалуун буцацгаав.
Л.Аргамжин