Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын IX хуралдаанаар хэлэлцсэн асуудлын нэг нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зорчих хөдөлгөөнийг бууруулах талаар байв. 2026 оныг боловсролын жил болгон зарласантай холбоотойгоор хэрэгжүүлэх зарим зорилтыг Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилготой уялдуулж буй аж. Тодруулбал, Улаанбаатар хотын замын түгжрэлийн 54.7 хувь нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зорчих хөдөлгөөнөөс үүдэлтэй гэнэ. Нийслэлийн 150 сургуульд 307 292 хүүхэд суралцдаг. Эдгээр сургуулийн дийлэнх нь хотын төвд байршилтай. Сурагчдын 90 гаруй мянга нь хотын төв рүү зорчдог гэсэн судалгаа гарчээ. Өдөр бүр 168 000 сурагч, 7844 багш дүүрэг хооронд зорчиж байгаа нь замын ачаалал нэмэгдэхэд нөлөөлж буйг хуралдааны үеэр танилцуулав. Тиймээс сургуулийн ачаалал, төвлөрлийг бууруулахын тулд хүн ам олонтой томоохон хотхон, хорооллууд дунд цэцэрлэг, бага сургууль барихаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын бүсэд ерөнхий боловсролын 57 сургууль барих шаардлагатай бөгөөд ингэснээр зорчих хөдөлгөөн эрс багасаж, түгжрэл 31.7 хувиар буурах гэнэ.
Боловсролын сайд П.Наранбаяр “2025 онд улсын төсвөөс 25 сургууль барихаар тусгасан бол гэр хорооллын бүсэд 2026 онд 29, 2027 онд 28 сургууль барихаар төлөвлөсөн. Зорчих хөдөлгөөнд оролцож буй сурагчдын 47.7 мянга нь бага бүлгийн хүүхдүүд. Тиймээс тэдэнд зориулсан “Хотхоны бага сургууль” барих хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар нийслэлд хүн амын төвлөрөл ихтэй 11, огт сургуульгүй таван хороо бий. Эдгээр газарт 60 бүлэг нэмж хичээллүүлэх шаардлагатай. Үүнийг шийдэхийн тулд төр, хувийн хэвшил хамтарч ажиллах нь зүйтэй” гэв.
Ч.Болор