Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам (ХББОСЯ)-ны газрын даргаар ажиллаж байсан Д.Гантулгад холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ. Д.Гантулгад прокуророос Эрүүгийн хуулийн 22.4-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн аж.
ХББОСЯ-ны Барилга, барилгын материалын бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, барилгын компаниудаас хахууль авсан хэрэгт буруутгагдаж буй. Тухайлбал, Д.Ганзоригийн үүсгэн байгуулж, эцсийн өмчлөгчөөр нь бүртгэлтэй “Орчлонконсалтинг”, “Орчлон констракшн” ХХК-д давуу байдал бий болгож, нэмэлт ажил олгох тусгай зөвшөөрөл гаргуулан өгсний хариуд 20 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон. Мөн Ц.Отгонбаатар гэх хүний үүсгэн байгуулсан “Глобалбридж” ХХК-ийн удирдлагаас 6.6 сая төгрөг хахуульд авсан хэрэгт холбогдуулан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд Д.Гантулгын гэр, албан өрөөнд нэгжлэг хийх явцад их хэмжээний бэлэн мөнгө, нэг бус үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, дээрх компаниудын заримтай нь байгуулсан орон сууц худалдан авах гэрээ зэрэг зүйлийг хууль сахиулагчид хураан авсан билээ.
Дээрх албан тушаалтанд хахууль өгсөн үндэслэлээр “Орчлонконсалтинг”, “Орчлонконстракшн”, “Глобалбридж” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсгийн “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Ташрамд дурдахад, прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 277 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Тэдгээрийн дотор авлига, албан тушаалын есөн хэрэг багтсан аж. Тэдний нэг нь ХББОСЯ-ны Барилга, барилгын материалын бодлого зохицуулалтын газрын дарга асан Д.Гантулга нарт холбогдох хэрэг юм.