Эртний эдлэлийн ченж С.Гансүхийг ЭЦА-ны Түүх, соёлын дурсгалт зүйлийн хууль бус эргэлттэй тэмцэх тасгийн ажилтнууд шалгаж дуусаад гэм буруутай, эсэхийг нь шүүхээр дэнслүүлэхээр болжээ. Түүнийг хүрэл тогоо, бүс, чулуун эдлэл, сумны зэв зэрэг 28 төрлийн 135 ширхэг түүх, соёлын биет өвийг завшсан хэрэгт буруутган дээрх тасгийнхан багагүй хугацаанд шалгасан юм. Улмаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас С.Гансүхэд Эрүүгийн хуулийн 25.5-1-ийн “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан”, 25.3-1 дэх хэсгийн “Соёлын биет өвийг завшсан, үрэгдүүлсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ. Түүнээс хураан авсан 135 эд өлгийн зүйлс нь Монголын түүхийн нэлээд эртний дурсгалд хамаарна хэмээн шинжээчид дүгнэсэн аж.