2025 оны дөрөвдүгээр сарын 4. NHL-ийн “Вашингтон капиталс” багийн ахлагч А.Овечкин төдийгүй У.Гретцкигийн хувьд түүхэн өдөр. NHL-ийн мэргэн бууч асан канад тоглогч өөрийнх нь дээд амжилтыг орос тоглогч эвдэхийг гэрчлэхээр “Айлендарс”, “Вашингтон”-ы тоглолтыг энэ өдөр ордонд ирж үзсэн юм.
У.Гретцки энэхүү түүхэн явдалд зориулсан ёслолын арга хэмжээний үеэр “Нэгдүгээрт, бид “Нассау Колизеум”-д тоглоогүй нь сайн хэрэг боллоо. Учир нь “Айлендерс”-ийн хуучин ордонд би их олон тоглолтод ялагдсан. Хоёрдугаарт, “Айлендерс” багийн түүх үнэхээр агуу учраас би энэ багийн хөгжөөн дэмжигчдэд баяр хүргэмээр байна. Гэхдээ өнөөдөр бид миний хажууд зогсох энэ залуугийн амжилтыг тэмдэглэх ёстой. Би Александр, түүний гэр бүлд чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Намайг лигийн мэргэн бууч болоход хүүхдүүд минь яг л Александрын хүүхдүүдтэй ойролцоо настай байсан. Тийм учраас тэдний сэтгэл хөдлөлийг маш сайн ойлгож байна. Дээд амжилтыг эвдэхийн төлөө тогтоодог гэдэг. Гэхдээ түүнийг үүнээс цааш олон гоол оруулна гэж бодохоор бүр гайхалтай санагдаж байна” хэмээн ярьжээ.
Тэрбээр ёслолын арга хэмжээний үеэр хошигнож, “Ноён Леонсис, (Вашингтон багийн эзэн) танд мөн давхар баяр хүргэе. Намайг дээд амжилт тогтооход та “Роллс ройс” бэлэглэж байсан. Тийм болохоор та энэ удаад ч гэсэн нэг юм бодох хэрэгтэй шүү” гэжээ. Гэхдээ А.Овечкинд заавал багийнхаа эзний бэлгийг хүлээх шаардлага байхгүй юм. Учир нь уг тоглолтын дараа У.Гретцки орос тоглогчид хандаж “Хоккейн түүхэнд тун гайхалтай өдөр болж байна. Хэрэв чи 900 гоол оруулбал би машин бэлэглэнэ шүү” гэж амлажээ.
Түүнчлэн энэ үеэр У.Гретцки өмнөх нэгэн уламжлалыг дурсаж, түүнийг үргэлжлүүлэхээр шийдсэнээ хэлсэн аж. “Намайг Горди Хоугийн дээд амжилтыг эвдэж лигийн мэргэн бууч болох үед түүний эхнэр Колин миний эхнэрт бэлэг, дурсгалын халуун дулаан үгтэй захидал өгсөн юм. Хоккейн спортын өв нь нэг тоглогчоос дараагийн тоглогчид дамждаг, үүний зэрэгцээ гэр бүл нь ч тэрхүү уламжлал, өвийг үргэлжлүүлэх учиртай. Тийм учраас би эхнэрийн хамтаар Александрын эхнэрт бэлэг өгч байна” хэмээн домогт тоглогч хэлжээ.
Ийнхүү А.Овечкины түүхэн амжилт үзүүлсэн тоглолтыг хоккейн спортын хоёр агуу тоглогчийн харилцан хүндлэл чимсэн .
Н.Энх