Мансууруулах бодис хэрэглэсэн хүний нүүр царайны өөрчлөлтийг харуулдаг 10 төхөөрөмжийг нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийнхөн дүүргүүдэд хүлээлгэн өглөө. Энэ нь Өвөр Монголын Ордост амжилттай ашиглаж буй төхөөрөмж гэж ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан онцолсон. Тус газрын дарга, цагдаагийн хурандаа П.Сандагсүрэн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал, энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн жил 2023 оныхтой харьцуулахад 6.4 хувиар өссөн. Зөрчил нь 65 хувиар нэмэгдлээ. Хэрэг, зөрчилд холбогдогчдын 91.2 хувийг 13-35 насныхан эзэлж байгаа. Тиймээс хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс дэвшилтэт технологи ашиглахаар болсон” гэлээ.
Эдгээр төхөөрөмжийг нийт 80 сая төгрөгөөр авсан бөгөөд хөрөнгийг нь ЦЕГ-ын урсгал төсвөөс зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, нэг бүр нь найман сая төгрөгийн үнэтэй төхөөрөмж бололтой. Тендерт нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Вайрал иком айланд” гэх компани шалгарч, төхөөрөмжүүдийг нийлүүлсэн гэнэ.
М.Оч