Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс энэ сарын 10-ны байдлаарх бэлчээрийн ургамлын төлөв байдлыг танилцууллаа. Энэхүү үнэлгээгээр Хэнтий, Дархан-Уул, Дорнод, Хөвсгөлийн нийт, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутагт бэлчээрийн ургамлын гарц хэвийн, бусдад нь муу болон дунд гарчээ. Тодруулбал, Дундговийн нийт, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговийн ихэнх, Баянхонгор, Завханы зарим нутгаар өвс ургамал муу буюу мал бэлчээх боломжгүй байгаа гэнэ.
Цаг уурын байгууллага бэлчээрийн ургамлын үнэлгээг 10 хоног тутам гаргадаг. Сүүлийн үнэлгээг хийх 10 хоногт буюу дөрөвдүгээр сарын 30-наас хойших хугацаанд агаарын температур нийт нутагт олон жилийн дунджаас 2.2-7.9 градусаар дулаарч, 80 хувьд нь ахиу хур тунадас оржээ. Энэ хугацаанд тал хээр, говийн зарим бүс нутагт салхины хурд секундэд 16-26, Төв аймгийн Лүн, Увсын Завхан, Хэнтийн Хэрлэнбаян-Улаан орчмоор 28-30 метрт хүрч, цаг агаарын аюултай болон онц аюултай үзэгдэл тохиосон байна.