Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ИТХ-ын гишүүд “Иргэдээ сонсъё” нэг сарын аяны хүрээнд өнөөдөр Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцан эмч, ажилчдын саналыг сонслоо.
ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн дарга Э.Бодьцэцэг манай эмнэлгийн хувьд үйл ажиллагаа хэвийн, шинээр хэрэгжсэн сорьц тээвэрлэлтийн асуудал жигдэрсэн. Өдөрт дунджаар 60 орчим сорьц ирдэг, нийтдээ 12600 гаруй хүнд хүрээд байна. Энэ нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний ачааллыг мөн хэмжээгээр бууруулж, иргэдийн талархлыг хүлээж байгааг хэллээ. Түүнчлэн тэрээр дүүргийнхээ 160 мянга орчим хүн амд эрүүл мэндийн тусламжийг хүргэхэд эмнэлэгтээ өргөтгөл хийх шаардлагатай байгааг уламжилсан юм.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Засгийн газрын гишүүд дүүргүүдийн асуудалтай зүгээр нэг танилцаад өнгөрөх биш тодорхой хэмжээнд асуудлуудыг шийдээд явж байгаа гээд, “ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бариулах шийдвэрээ дуулгалаа. Мөн ХУД-т баригдаж байгаа, олон жил зогссон, төрөх эмнэлгийн байрны асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, концессын гэрээгээр үргэлжлүүлэн бариулахаар болсон. Тендер зарлагдсан учраас барилгын улирал эхэлмэгц хэрэгжээд явна гэдгийг хэллээ.
СХД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болортуяа эмнэлгийнхээ үйл ажиллагаа болоод нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа танилцууллаа. Тэрээр Эрүүл мэндийн сайд, НЭМГ-ын дарга, Засаг дарга, Нийслэлийн ИХТ тэргүүтэй хүмүүс манай төв дээр нь ирж ажиллан, эмнэлгийн ажилчдын тулгамдсан асуудлыг сонсож, шийдвэрлэхээр болж байгаад нэн таатай байгаагаа илэрхийлэв.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг эдийн засгийн хүртээмж тааруу энэ үед манай эмнэлгүүд бүхий л чиглэлээр хоорондоо уялдаа холбоотой ажиллах нь зүйтэй. Томуу, томуу төст өвчний үеэр зарим эмнэлгийн ачааллыг шилжүүлэн ажилласан нь үр дүнгээ өгсөн. Харин одоо тоног төхөөрөмжийг шилжүүлэх судалгаа хийгдээд байна. Танай төв дээр шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг шилжүүлэх байдлаар шийдвэрлэнэ. АХБ-ны дэмжлэгээр Монгол улсын эрүүл мэндийн салбарт онцгой ач холбогдол бүхий олон улсын жишиг эмнэлгийг СХД-т барих барилгын ажил эхлэхэд бэлэн болоод байгааг хэлсэн юм. Мөн Эрүүл мэндийн сайд эмч ажилчдад урамшууллын цалин хөлс олгодог болж, олон хүний амийг аварсан, Монголд эмчлэгддэггүй байсан өвчнийг эмчилдэг болсон эмчид онцгой урамшуулал үзүүлдэг болох талаар санал гаргаад, ажлын хэсэг гаран ажиллаж байгааг дуулгасанд эмч, мэргэжилтнүүд талархалтай байлаа.