Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар өчигдөр Э.Бат-Амгаланг батламжилсан билээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр үүссэн нөхцөл байдал болоод хотын даргын захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү нар хэвлэлийн бага хурал хийлээ.
Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ “2016 оны 10 дугаар сарын 19-нд нийслэлийн дүүргүүдийн сонгууль явагдсан. Сонгуулийн үр дүнгээр нийслэлийн 9 дүүргээс Баянзүрх дүүргийн Засаг даргын асуудал шийдвэрлэгдээгүй үлдсэн байсан. Учир нь дүүргийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулах үүрэгтэй дүүргийн сонгуулийн хорооноос “Нийт 41 төлөөлөгчийн 35 нь хуулийн дагуу сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан. 6 нь хууль тогтоомж зөрчиж, зөрчил гаргасан” гэсэн үндэслэл гаргасан. Энэ нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж, Баянзүрх дүүргийн шүүх болон Давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж байгаад хэдхэн хоногийн өмнө 5 нэр дэвшигчийн асуудал эцэслэгдсэн. Нэр бүхий 5 нэр дэвшигч сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон тул Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооноос тогтоол гаргаж, 2017 оны 10 дугаар сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагт дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл 41 төлөөлөгч бүхий Баянзүрх дүүргийн ИТХ дээр өнөөдрийн байдлаар 35 төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн. Үүнээс 19 нь МАН-аас, 16 нь Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон байна ” гэлээ.
Тэрбээр цааш хэлэхдээ “Дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг дүүргийн ИТХ-д өргөн мэдүүлж, ИТХ-аас тогтоол гаргаж баталснаар тухайн дүүргийн ИТХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхэлдэг. Баянзүрх дүүргийн ИТХ-аас албан ёсоор бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн 35 төлөөлөгчийн шийдвэр Нийслэлийн Засаг даргад ирсэн. Энэ 35 төлөлөөгчдийн оролцсон хуралдаанаас нэр дэвшүүлсэн хүн нь Э.Бат-Амгалан. Ийнхүү дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлсэн Э.Бат-Амгаланг хотын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд дүүргийн Засаг даргаар томилсон. Нийслэлийн 9 дүүргээс Баянгол, Сүхбаатар дүүрэгт Ардчилсан нам олонх болсон. Эдгээр дүүргүүдэд олонхийг бүрдүүлж байгаа дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийг хотын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд томилсон. Баянзүрх дүүргийн хувьд сонгуулийн хууль тогтоомж зөрчөөгүй, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн 35 төлөөлөгчөөс нэр дэвшүүлж, томилуулахаар ирүүлсэн хүнийг хотын дарга томилсон. Дахин сонгуулийн үр дүнд 41 төлөөлөгч бүрдсэний дараа аль нам нь олонх болж, ямар хүнийг нэр дэвшүүлнэ, түүнийг нь Нийслэлийн Засаг дарга томилох болно.” хэмээв.
Үүнээс гадна “Жагсаал цуглааны тухай” хуульд олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, суулт зохион байгуулахыг хориглосон газрыг зааж өгсөн байдаг байна. Үүнд төрийн байгууллага гэж тодорхой тусгасан байдгийг хуулийнхан хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.