Хэл шинжлэх ухааны доктор, профессор Б.Сумъяабаатар оффшор хэмээх үгийг монгол хэлнээ буулгах сайхан санаагаа бидэнтэй хуваалцав. Тэрбээр “Гүүгл”-ийн программ ашиглан сансрын зургаас Чингисийн захиас бичгийг илрүүлсэн талаараа мэдээлж байсныг уншигчид маань санаж буй биз ээ.
-Та глобализация гэдэг үгийг монгол хэлнээ тун оновчтой орчуулсан. Мөн компьютер гэдэг үгийг орчуулах санаа дэвшүүлж байсныг тань санаж байна. Ер нь харь үг тухайн хэлнээ орж ирэх нь зүй ёсны үзэгдэл. Гэхдээ үүнийг өөрийн хэл соёлд нутагшуулахдаа анхаарах ёстой болов уу?
-Ер нь аль ч хэлэнд энэ асуудал байдаг. Гагцхүү, тэр үг ямар замаар орж ирэв, хэвээр нь авах уу, орчуулах уу, монгол дуудлагаар нь бичиж тэмдэглэх үү гэдэгт л учир начир нь оршино. “Globalization, глобализация” гэдэг нэр томьёог анхандаа “глобальчлал” хэмээж байсан. Зарим нь “дэлхийчлэл” гэж орчуулсан. Би 2000 онд Улаанбаатар хотод болсон Монгол, Солонгосын эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэлдээ энэ үгийг “даяарчлал” гэвэл ямар вэ гэсэн санал дэвшүүлсэн. Даяар Монгол, даяар дуурсагдах, дэлхий даяар, улс даяар, Монгол даяар гэх мэт олон хэллэг монгол түмний ой тархинд шингэсэн, өдөр тутам хэрэглэгддэг. Үүнээс улбаалсан санал л даа.
“Утга зохиол, урлаг” сонины 2000 оны арваннэгдүгээр сарын 10-ны 019 дугаарт миний саналыг дэмжсэн “Глобальчлал, даяаржил хоёрын аль нь вэ” гэсэн доктор С.Лочингийн өгүүлэл гарснаас хойш энэ нэр томьёо маш түргэн түгсэн. Даяарчлал гэдгийг эсэргүүцэгчид байдаг. Тэр бол нэр томьёог нь биш, цаад утга агуулгыг нь эсэргүүцсэн хэрэг. “-zation, -зация, -члал” гэсэн дагавар ороод ирэхээр “колончлол, стандартчилал” гэх мэт үгс санаанд нь буугаад, алив хөгжилт орны юмыг өөр орнуудад хүчээр тархаах нь гэсэн далд болгоомжлол бий болдог учраас тэр. Үүнээс зайсах буюу зайлах арга монгол хэлэнд байсан. Тухайлбал, монгол хэлнээ “-шил”, “-жил” дагаврыг залгаж, “даяаршил, даяаржил” гэсэн нэр томьёо зохион хэрэглэх боломжтой байсан. Тэгээд даяарчлал, даяаршил, даяаржил гэсэн гурван нэр томьёо үүссэн. Даяаршил, даяаржил гэдэгт албадлагын утга байхгүй, аливаа юм аандаа, яв явсаар дэлхий нийтийн болох үйл явц.
Одоо манайхан даяаршил гэдгийг нь түлхүү хэрэглэх болж. Даяарчлалыг нь гадаадын хэлээр орчуулахад амар, харин нөгөө хоёрыг оноож хөрвүүлэхэд баахан түвэгтэй дээ.
Компьютер гэдэг үгийн хувьд “оюут” гэж орчуулж, хэрэглэх санал тавьж байсан юм. Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар Л.Түдэв тэргүүтэй сэхээтнүүд дэмжсэн л дээ. Профессор Чой.Лувсанжав “Урд нь “цахим” гэсэн үг нэмбэл зүгээр юм байна” гэсэн. Нэр томьёо уртсах, хоёр гурван үг болоод ирэхээрээ л олны санаанд нийцэхгүй, хэрэглэхэд түвэгтэй байдаг болохоор “оюут” гэдгээр авъя гэсэн саналтай байсан. Аливаа юманд цаг хугацаа гэж байдаг юм билээ. Олноороо “компьютер” гээд хэвших тийш нэгэнт хандчихсан, цаг алдсан байсан учир нийтээр хүлээж аваагүй юм.
-Тэгвэл одоо “оффшор” гэдэг гадаад үгийг тэр хэвээр нь хэрэглээд байна. Та үүнийг монгол хэлнээ юу гэж буулгав?
-Оффшор гэдэг үг орж ирээд их хугацаа өнгөрөөгүй байна. Ардын уран зохиолч Тангадын Галсан “овтшар” гэж хошигносон байна билээ. Гадаад үгийн оронд нэг ч гэсэн монгол үг нэвтэрвэл олзуурхууштай. Нэр томьёо тул илтгэх утга нь маш чухал. “Оffshore” гэдэг үг наанадаж зургаа, долоон утгатай. Тэдгээрийн дотроос “далайн чанад, далайн чанадах, эх газраас холхи газар, Америкаас гаднах нутаг дэвсгэр” гэсэн утга нь голлодог юм билээ. Оффшор гэдэгт хоёр зүйл ойлголт багтдаг. Үүнийг салгаж ойлгох учиртай юм гэсэн. Нэг нь хөдөлмөрөөрөө олсон мөнгөө гадаадад хадгалуулах, нөгөө нь зүй бус олсон мөнгийг харьд гаргаж татвараас зайлсхийх. Ингэхээр оффшор данстай бүхнийг хавтгайруулан буруутгаж болохгүй. Гадна данстай байх нь хувь хүний эрх учраас хориглох боломжгүй.
Оффшорын дотор утгыг хоёр салган орчуулж болно. Нэгдүгээрт, монгол хэлний гадаад, харь, хилийн чанад, холхи, бөглүү гэдэгтэй утга дүйнэ. Тиймээс, оффшор бүс гэдгийг нь холхи, эсвэл бөглүү бүс гээд, оффшор дансыг нь гадна данс, харь данс гэж болно. Мөн оффшор данстан гэдгийг гадна данстан, харь данстан гэж орчуулан хэвшүүлж болмоор санагдана.
Зүй бусаар олсон мөнгөө татвараас зувчуулан харьд хадгалуулж болдоггүй. Түүнийг нь, монгол хэлний зувчих, зувчуулах, зайлах, зайлсхийх, зайлсхийлгэх гэсэн утгатай “зайсах” гэдэг үгийг тэнхрүүлэн ашиглаж зайсах данс, “зайсах данстан” гэвэл зохилтой гэж бодож байна. Ингэвэл оффшор гэдэг үгийн дотоод утга аяндаа салаад, хүмүүс зөв ойлгох ба асуудлыг ялган салгаж зөв шийдэж болмоор.
Шинэ нэр томьёо нэвтрэх, амьдрах, эсэх нь цагаа олсон уу, нийтэд ойлгомжтой байна уу гэдгээс их шалтгаалдаг. Оффшор гэдэг үг одоохондоо ийм шатандаа явж байна даа. Мэргэжлийн хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн, хуулийнхан дэмжээд өгвөл шинэ нэр томьёо маань монгол орчинд идээшин нутагшаад, дэлгэрч магадгүй дээ.