Энэ сарын 1-ний байдлаар нутгийн 60 хувьд буюу Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн зарим сумын нутгаар зуншлага сайн, нийт нутгийн 30 хувьд дунд зэрэг, 10 хувь нь гантай байгаа аж. Мөн 2016-2017 онд 60 гаруй сая мал өвөлжих төлөвтэй байгааг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас танилцуулжээ. Засгийн газрын хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлыг хэлэлцээд тогтоол гаргаж, төлөвлөгөө боловсруулан, биелэлтэд нь хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь шуурхай шийдвэрлэж ажиллах, аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхийг даалгалаа.
Өвөл хаврын бэлчээрийн даацад тулгуурлан сум дундын болон аймаг дундын отрын бүс нутгууд, хилийн зурвас газар, байгалийн тусгай хамгаалалттай газруудад отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог тохирон гэрээ байгуулах, зарим шаардлагатай хадлангийн талбайг өнжөөх, сэлгэх, өөр аймгийн нутагт хадлан бэлтгэх гэрээ хэлэлцээр хийж зохицуулахыг тус тогтоолоор үүрэгжүүлжээ. Мөн малын гоц халдварт, халдварт өвчин, паразиттах өвчин, ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай зохион байгуулах, мал эмнэлгийн дуудлага, үйлчилгээний бэлэн байдлыг бүрдүүлж шуурхай удирдлагаар хангаж ажиллахыг даалгалаа.