“Говь” брэндийн нүүр царай болон олонд танигдсан загвар өмсөгч Э.Энхболдыг Монголын эрэгтэй моделиудаас хамгийн чадварлаг нь гэдэг. “Монгол модель” агентлаг, Монголын дизайнеруудын холбоонд харьяалагддаг тэрбээр амьдралынхаа ханийг өөрийн ажиллаж буй салбараас сонгосныг уншигчид эчнээ мэдэж буй биз. Загвар зохион бүтээгч, “O couture” салоны захирал Д.Отгонжаргал түүний гэргий. Монголын загварын ертөнцийн нэгэн хосыг “Хос багана”-даа урилаа.
-Таны оролцож буй “Яг түүн шиг” шоуны тав дахь дугаар өнгөрсөн ням гаригт үзэгчдэд хүрлээ. Тэр дугаарын ялагч болсонд баяр хүргэе. Эмэгтэй хүний дүрд хувирах хэцүү байв уу?
Э.Энхболд: -Шоуны нийт арван дугаарыг үзэгчдэд хүргэнэ. Төгсгөлийн шалгаруулалт ирэх сарын 10-нд болно. Шоу эхэлснээс хойш их өвөрмөц уран бүтээлчид надад таарч, хувирлаа. Тав дахь дугаарт дуучин Леди Гагаг дуурайсан. Загварын ертөнцөд 12 жил ажиллалаа. Загвар өмсөгч Энхболд гэдэг дүр төрхөөсөө жаахан уйдчихаад байсан. Өөрийгөө хүмүүст арай өөрөөр харуулах юм сан гэсэн нууцхан хүсэл тээж явсан юм. Яг тэр үед энэ шоунд оролцох санал авч, зөвшөөрсөн. Их сонирхолтой санагдаж байна.
-Шоу нэвтрүүлгийн үеэр та их гоё хувцаснууд өмсөж байгаа. Тэдгээрийг эхнэр тань урласан уу?
Э.Энхболд: -Үгүй ээ. “Шаглаа”, “Gele” загварын салон манай шоуны хувцсыг хариуцан ажилладаг. Эхнэр маань миний хувийн зөвлөхөөр ажиллаж байна.
Д.Отгонжаргал: -Их ур чадвартай хамт олон энэ шоуны арын албанд ажиллаж буй юм билээ. Би өөрөө загвар зохион бүтээгч хүн. Шоуг үзэхдээ оролцогчдын хувцсыг их анзаардаг.
Нөхрөө эмэгтэй хүнд хувирсан байгаагаар харахад ямар санагдсан бэ?
Д.Отгонжаргал: -Миний хань их авьяастай. Хүссэн хүн бүхэн эмэгтэй хүний дүрд хувирч чадахгүй. Мэргэжлийн дуучид, жүжигчидтэй тэднээс дутахгүй өрсөлдөж байгаагаар нь бахархаж байна. Манай нөхөр эмэгтэй байсан бол их царайлаг бүсгүй байх байж (инээв). Тэр нэвтрүүлгийг үзэж суухдаа “Ямар царайлаг юм бэ” гэж дуу алдсаар байгаад таарсан. Өмнө нь “Казаки”-г дуурайхад бас яг тэгсэн.
-Нөхрөө энэ шоунд оролцохоор шийдэхэд та дэмжсэн үү, эсвэл эсэргүүцсэн үү?
Д.Отгонжаргал: -Үргэлж л өөрийнхөө авьяасыг нээж, шинэ зүйл эрэлхийлж явдаг хүн шүү дээ. Маш их хүсэл мөрөөдөлтэй. Тэрийг нь яаж ч эсэргүүцээд дарж дийлэхгүй. Би энэ хүний хань, түшиг юм чинь хийж буй үйлдэл, зорьсон зорилго бүрийг нь дэмжихийг хүсдэг. Энэ шоунд оролцъё гэхэд нь ч дэмжсэн.
-Энэ хүнийг л дуурайчих юм сан гэж хүсэж буй уран бүтээлч бий юү?
Э.Энхболд: -Яг тэгж бодсон хүн алга.
-Та загвар өмсөхөөс гадна маш олон шоу, арга хэмжээ, тоглолт зохион байгуулдаг шүү дээ. Ингэхэд ямар мэргэжилтэй юм бэ?
Э.Энхболд: -Би эхлээд бизнесийн удирдлагаар сурч, дараа нь урлаг судлаач мэргэжил эзэмшсэн.
-Энэ сард “Ibiza out” тоглолт зохион байгуулна гэсэн үү?
Э.Энхболд: -Уг шоуг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ сарын 17-18-нд “Монгол шилтгээн”-д болно. Олон улсын фестивалийн хэмжээнд зохиохоор ажиллаж байна. Залууст чөлөөт цагаа эрүүл агаарт, сонирхолтой өнгөрүүлэх боломж олгож байгаа юм. Хөгжмийн тоглолт, шилдэг ди жэй нарын үзүүлбэр, хоолны фестиваль, фитнессийн, оддын элсний гар бөмбөгийн тэмцээн зэрэг олон арга хэмжээ энд багтаж буй.
-Та хоёр анх яаж танилцсан тухай дурсамжаасаа хуваалцаач?
Д.Отгонжаргал: -2008 онд танилцсан. Би тэр үед “Урлах эрдэм” дээд сургуульд багшилдаг байлаа. Тус сургууль жил бүр “Улаанбаатар” загварын долоо хоногийг зохион байгуулдаг. Тэр жил би уг шоунд эрэгтэй хувцасны цуглуулгаар оролцсон. Монголын бараг бүх л эрэгтэй загвар өмсөгчдийг цуглуулж, шалгаруулж байж шоундаа оролцуулсан юм. Тэр дунд Энхболд байсан. Өмнө нь харж байсан ч тэр шоуны үеэр л бид анх танилцсан. Манай хүний биеийн галбир их гоё. Анх хараад л нүдэнд туссан.
Э.Энхболд: Манай хүн чинь Монголдоо л анх удаа эрэгтэй хувцасны цуглуулга урлаж шоу хийсэн шүү дээ. Загвар өмсөгч Х.Бадамгэрэл бид хоёр нэг нэгнээ шоолдог юм. Манай хүн загварын шоугаа хийхийн тулд эрэгтэй загвар өмсөгчдийн дунд шалгаруулалт хийж, тэр дундаасаа намайг сонгосон. Тэндээс бидний харилцаа улам гүнзгийрч гэр бүл болсон. Харин дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр “My love” дууныхаа клипэнд тоглуулахаар эмэгтэй загвар өмсөгчдийг шалгаж, тэднээсээ Х.Бадамгэрэлийг сонгосон юм билээ. Одоо тэд бас л гэр бүл болсон. “Хоёулаа л сонгон шалгаруулалтад орж байж ханиа олж дээ” гээд инээдэг.
-Нэг нэгнээ хараад төрсөн анхны сэтгэгдэл тань ямар байв?
Э.Энхболд: -“Урлах эрдэм” дээд сургуульд Оля гэж царайлаг загвар зохион бүтээгч байдаг тухай өмнө нь сонсож байсан ч харж байгаагүй юм. Анх шалгаруулалтад нь орохоор очихдоо хараад “Аан, энэ нөгөө хөөрхөн бүсгүй байх нь” гэж бодож билээ.
-Анхны болзоонд хэн нь түрүүлж урьсан бэ?
Д.Отгонжаргал: -Загварын шоуны үеэр байнга л хамт байсан даа. Их ч ажилтай байсан. Харин шоу дуусмагц манай хүн болзох санал тавьсан.
Э.Энхболд: -Би их азтай. Загварын шоуны үеэр Оляг нууцхан хараад л, сонирхоод л байдаг байлаа. Тэгээд зориглоод санал тавьтал зөвшөөрсөн. Миний аль хэдийнэ сэтгэл алдарчихсан хүн маань надад хайртай болсныг мэдэх ямар сайхан байсан гээч.
-Та хоёрын хамт эрхэлдэг “O couture” салоныг XIII хороололд байхад очиж байсан. Бүх дотоод засал чимэглэлийг нь өөрсдөө хийсэн гэсэн. Одоо Зайсанд нүүлгээд ирж. Энд бүр ч илүү тухтай юм. Засвараа бас өөрсдөө хийсэн үү?
Э.Энхболд: -Тэгсэн шүү. 2011 оноос хойш бараг барилгачин болох шахлаа. Гэрийнхээ, салоныхоо бүх засварыг өөрсдөө хийсэн. Одоо гэхдээ засварын ажлаас залхаж байна. Засварын бүх ажлыг би, тохижилтыг эхнэр хариуцдаг даа. Барилгын засварчин, засал чимэглэлчин хоёр юм уу хаашаа юм (инээв).
Д.Отгонжаргал: -Бид иймэрхүү зүйлд их ач холбогдол өгдөг. Салоны шүүгээ, тавиуруудыг манай хүн хийсэн. Гарын их дүйтэй. Манай байр тийм ч том биш. Гэхдээ өөрсдөө интерьерээ гаргаад, засвараа хийчихсэн. Найзууд ирэхээрээ “Энэ жижиг байрыг яаж ингээд өөрчилчихөв өө” гэдэг юм.
-Та хоёрыг дөнгөж болзож эхлэх үед хэвлэлүүд янз бүрээр л бичсэн. Их хүнд үе байсан уу?
Д.Отгонжаргал: -Хамгийн муухай үе. Яг тэр үед нөхрийн маань карьерын ид үе байлаа. Түүнийг олны анхааралд өртөхийн хэрээр би ч бас өртөнө. Мөрөөрөө ажлаа хийж яваад л хэл амны бай болчихдог байлаа. Намайг хэн ч танихгүй байхад л муулаад биччихнэ. Сайтуудын мэдээний доорх уншигчдын сэтгэгдлүүд бүүр аймшигтай. Том охиноо төрүүлэхдээ би нэлээд жин нэмсэн. Тэгэхэд амаржаад удаагүй намайг бас л хэл амаар доромжилж байлаа. Эхэндээ мэдээ, тэрний доорх сэтгэгдлүүдийг уншаад уйлдаг, гомддог байлаа. Нөхөртөө “Салъя” гэж хэлж байсан ч удаатай. Гэхдээ бид нэг нэгэндээ итгэж байсан болохоор тэсээд л гарсан.
Э.Энхболд: Нэг орой манай хүн уйлчихсан “Хоёулаа салъя” гэдэг юм байна. Гайхаад асуутал сайтуудад гарсан мэдээ, сэтгэгдлүүдийг уншаад гомдчихсон байсан.
Д.Отгонжаргал: -Өмнө нь би тэгж хүмүүст муу хэлүүлж үзээгүй. Багшилдаг байхдаа шавь нарынхаа хүндлэлд, дандаа сайн сайхан үг сонсож байсан болохоор их эвгүй санагдсан. Ер нь тэр сэтгэгдлүүдийг ажилгүй хүмүүс, амныхаа зоргоор л бичдэг юм билээ. Одоо ч бидний тухай бичиж л байдаг. Гэхдээ тэрэнд эмзэглэж, гомдохоо больчихож. Дөжирчихсөн гэх юм уу даа.
Э.Энхболд: -Уг нь бид хоёр хувийн амьдралаа олон нийтэд ил байлгах их дургүй.
-Та хоёр хэдэн насны зөрүүтэй юм бэ?
Э.Энхболд: -Долоон насны зөрүүтэй.
-Өөрөөсөө долоон насаар дүү хүнтэй сууна гэхэд гэр бүлийнхэн тань эсэргүүцээгүй юү?
Д.Отгонжаргал: -Шууд зөвшөөрөөгүй л дээ. Гэхдээ бид насанд хүрсэн хүмүүс. Өөрсдөө амьдралаа төлөвлөх, зохиох эрхтэй. Бидний сонголтыг эцэг эхчүүд маань хүндэтгэсэн. Одоо ээж, аав маань миний нөхөрт их сайн. Заримдаа би тэдэндээ “Би та нарын охин биз дээ” гээд гомдоллодог юм. Манай хүний сайхан сэтгэл, зан харилцаа, амьдралынхаа төлөө гэсэн зүтгэл ямар ч хүнийг өөртөө татдаг.
-Хүүхдүүд нь хэдэн настай вэ?
Э.Энхболд: Том охин Э.Тэгшзаяа маань тавтай. Э.Түшиг хүү минь гурван настай.
-Хүүхдүүдийнхээ нэрийг та өгсөн үү?
Э.Энхболд: -Үгүй ээ. Манайх шүтлэгтэй айл. Бидэнд гэр бүл, амьдралаа даатгадаг зурхайч лам бий. Тэр багш маань манай хүүхдүүдэд нэр хайрласан.
-Нэг нэгнээсээ сонсож байсан хамгийн сайхан үг юу вэ?
Э.Энхболд: Байнга л намайг дэмжиж, урам өгдөг. Яг тэгэхэд хэлсэн, тийм үг гээд онцлох гэхээр санаанд орохгүй байна. Ханийн минь надад өгдөг зөвлөгөөнүүд их үнэтэй, бас яг оносон байдаг.
Д.Отгонжаргал: Би аливаад шийдвэр гаргахдаа жаахан хойрго, хашир. “Би чадах болов уу, ингэвэл яах бол” гээд их удаан боддог. Тэр үед намайг “Чи минь чадна” гээд зоригжуулдаг.
-Үнсэлтийн тухай олон баримт бий. “Өдөр бүр эхнэрээ үнсдэг эрчүүд амжилтад хурдан хүрдэг”, “Байнга үнсэлцдэг хүмүүс урт насалдаг” гэх мэт. Та хоёр бие биенээ хэр их үнсдэг вэ?
Д.Отгонжаргал: -Нэг нэгийгээ үнсэж байна гэдэг чинь тэр гэр бүлийн уур амьсгал сайхан, тайван байгаагийн шинж шүү дээ. Тийм амгалан, тайван нөхцөлд эр хүн амжилт гаргах нь илүү байдаг байх. Манайх аз жаргалтай айл. Гэхдээ бид нялуун хүмүүс биш. Нэг онигоо байдаг даа. “Хотынхон хайр аа, хайр аа гэсээр салчихдаг, хөдөөгийнхөн хүүр ээ, хүүр ээ гэсээр насыг хамт бардаг” гэж.
-Хамгийн сүүлд хэзээ болзсон бэ. Хүүхдүүдээсээ нууцаар “булагнаж” чадаж байна уу?
Э.Энхболд: -Зав тун муу. Тийм болохоор боломж гарсан дээр нь хүүхдүүдтэйгээ байх дуртай. Харин өнгөрсөн зун ханатлаа “булагнасан” юм байна шүү.
-Та хэр сайн эзэгтэй вэ?
Д.Отгонжаргал: -Гайгүй байх. Ер нь их аж ахуйч эхнэр гэх байх, намайг. Зүгээр суух дургүй. Цаг заваа аль болох л гэртээ, гэр бүлийнхээ төлөө зарцуулахыг хичээдэг. “Үйлтэй хүн үйлчин” гэж үг байдаг даа. Ажил ихтэй үед энэ үг санаанд орох юм.
-Эхнэрийнхээ хийсэн ямар хоолонд дуртай вэ?
Э.Энхболд: -Эхнэрээ нэг магтчих уу. Манай хүн ямар ч хоолыг ёстой амттай хийдэг. Манайд ирсэн зочид дуу алдаад л гардаг шүү.
-Гэр бүлийн тань үнэ цэнэ юунд оршдог вэ?
Э.Энхболд: -Надад байгаа үнэт эрдэнэс бол миний гэр бүл. Нэг хүн шиг сэтгэж, хүсэл зорилгынхоо төлөө тэмцэж чаддаг байх хэрэгтэй. Хэн хэнийхээ түшиг тулгуур болж чаддаг байвал гэр бүл бат бөх байна.
Д.Отгонжаргал: -Хоёр биедээ итгэх л хамгийн чухал. Бас итгэл дааж амьдрах хэрэгтэй. Бид ч ингэж амьдрахыг хичээдэг.