Томуу, томуу төст өвчний дэгдэлт ирэх долоо хоногт оргил үедээ хүрэхийг Эрүүл мэндийн яамныхан анхаарууллаа. Тиймээс амны хаалт зүүх, дархлаагаа дэмжих, ханиадтай бол олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг иргэдэд зөвлөв. Ялангуяа бага насны хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх нь зүйтэй гэлээ. Манай орны хүйтэн цаг агаарын улмаас томууны өвчлөл арваннэгдүгээр сараас дараа оныхоо 4-5 дугаар сар хүртэл буюу нэлээд удаан үргэлжилдэг. Энэ үеийг томууны улирал хэмээдэг. Томууны улирлын оргил үе нь арванхоёрдугаар сарын сүүлч болон нэгдүгээр сарын дунд хүртэл үргэлжилдэг байна. Ханиад, томууны тархалт энэ онд өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 40 орчим хувиар ихсээд буй юм. Улсын хэмжээний эмнэлгүүдийн амбулаторийн нийт үзлэгийн есөн хувийг өдгөө томуу, томуу төст өвчин эзэлж байгаа аж. Эл үзүүлэлт 10 хувиас давахад аюултай түвшинд хүрлээ гэж үздэг. Харин 15 хувиас илүү гарвал гамшгийн түвшин гэж үзэх нь.
М.Оч