“Балдорж” сан, СУИС-ийн Кино, телевиз, медиа урлагийн сургуулийнхан хамтран сэтгүүл зүйн шүүмжийн уралдааныг найм дахь удаагаа зохион байгууллаа. Монголын сэтгүүл зүйд шүүмж судлалын орон зайг төлөвшүүлэх, залуу судлаачдыг дэмжих, сэтгүүлчдийн бүтээлийг чамбайруулах, сургалтын онол, практиктай хослуулах зорилгоор уг уралдааныг 2017 оноос хойш тогтмол зохион байгуулж буй юм. Энэ удаагийн уралдаанд 12 судлаач бүтээлээ өрсөлдүүлсэн байна. Тэднээс дэд байрт шалгарсан МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор Ч.Энхбатын “Хөг нэмсэн” хөргүүд” шүүмжийг уншигчдадаа хүргэе.
“Хөг нэмсэн” хөргүүд
Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлд хөрөглөл бичвэр чухал ач холбогдолтой билээ. Энэ төрлийн бичвэр нь олон нийтэд үнэн бодит, хэрэгцээт мэдээлэл өгөхийн зэрэгцээ тэднийг зугаацуулах, танин мэдүүлэх үүрэг ч хүлээнэ.
Монголын сэтгүүл зүйд хөрөг бичдэг шилдэг сайн сэтгүүлч тун цөөн. Тэдний нэг нь ub.life мэдээллийн сайтын сэтгүүлч Б.Энхцэцэг юм. Түүний бичсэн хөргүүд нь өнөөгийн сэтгүүл зүйн бүтээлүүдэд “хөг нэмж” байна.
Монголын сэтгүүл зүйн салбарынхан хөрөг бичвэрийг бичиж байгаа цаг хугацааг нь ажиглаад үзвэл сонгуулийн жилүүдэд болон пиар мэдээлэлд зориулан захиалгатайгаар бүтээх нь олонтоо.
Сэтгүүлч Б.Энхцэцэгийн бичсэн хөрөг бичвэрүүд нь олон нийтэд уншууртай, мөлжүүртэй болохыг ub.life сайтын хандалт, сэтгэгдэл илтгэнэ биз ээ. Түүний бичсэн хөргүүд өнөөгийн сэтгүүл зүйн салбарт дутагдан, үгүйлэгдэж байсан энэ төрөл зүйлд сэргээш болсон төдийгүй түүнээс суралцаж энэ төрлийн бичвэрийг сонирхон бичих сэтгүүлчийн тоо нэмэгдсэн гэдэгт эргэлзэхгүй байна.
Судлаач Ж.Батбаатар “Суурь сэтгүүл зүй” номдоо хөрөг бичвэрийг сэтгүүл зүйн өгүүллийн үндсэн дөрвөн төрлийн нэг болохыг дурдсан байдаг. Түүнчлэн хөрөг бичвэрийг хувь хүний болон хоёр юм уу, бүлэг хүний хөрөг гэж ангилжээ. Сэтгүүлч Б.Энхцэцэгийн тухайд хувь хүний хөргөөр дагнан бичдэг нь түүний бүтээлүүдээс харагдана. Тухайлбал, “Зураачийн хөрөг” (2022.09.05), “Танхил хонгор түүнд минь танил дууг минь дамжуулаарай...”(2023.02.08), “Танхил хонгор түүнд минь танил дууг минь дамжуулаарай...” ¹2 (2023.02.09), “Маэстро” (2023.06.20), “Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг...” (2023.08.29), “Наддаа чи минь нар байлаа” (2024.02.19), “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав” (2024.04.08), “Усны тунгалаг” (2024.09.30) зэрэг хөрөг бичвэрийг нь дурдаж болох юм. Гэхдээ гол онцлог нь бидний хараахан таньж, нээгээгүй хэрнээ ховор онцгой авьяас, бүтээлтэй “дүр” байдаг.
Харин бид “Танхил хонгор түүнд минь танил дууг минь дамжуулаарай...” цуврал хөрөг бичвэрийн нэгдэхийг нь сонгож шүүн тунгаалаа. Тус хөрөг бичвэрийн гарчиг нь дууны бадгаар илэрхийлэгдсэн байх бөгөөд тухайн бичвэрт энэхүү дуутай холбоотой хэн нэгний талаар өгүүлэх гэж буйг илхэн харуулжээ.
Сэтгүүлчдийн уран чадварын нэг элемент байдаг нь бичвэрийнхээ гарчиг, эхлэл хэсэгт уншигчдаа татах “гох дэгээ” ашиглах арга техниктэй холбоотой “өгөөш” юм. Ард түмний чихэнд тод сонстож, сэтгэл зүрхэнд эгшиглэх танил танхил алгуут мөрөөр гарчиг оноох нь ийм техникийн жишээ мөнөөс мөн.
Хөргийн эхлэлийг зураглалаар эхлүүлсэн нь оновчтой бөгөөд сонирхолтой, цааш унших хүслийг төрүүлэх аж. Эл хэсэгт “Багшийн дээдийн буудлаас өөдөөс харсан сандалд лагхийсэн шинэ зорчигчийн зүгт толгой дөнгөж хандуулах зуур зүрх палхийв. Түүний нүд. Архины нэвширсэн үнэрийг сэтэлж, сэлхийн хүндэрсэн зовхин дороос өөдөөс яг таг мэлрэх атлаа танихгүйн гүнд хөшиж орхижээ...” гэж хэн нэгний төрхийг илтгэнэ. “Гох дэгээ” нь ийн уншигчийг эрхгүй өмхөх шуналд хөтөлнө.
Харин цааш хөргийн гурав дахь догол мөрд гол дүрийн нэрийг дурдахын зэрэгцээ “Мөөн мөн, энэ бол Адараа. Ар халхын алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэн гэдэг чинь яг мөн. Миний амьдралын анхны эр хүн, анхны хань ижил, таван хүүхдийн минь эцэг” хэмээн эх сурвалж болох түүний эхнэрийн яриаг дурдсан байна. Энэ л эгшинд уншигч сайх өгөөшийг өмхчихөөд бичвэрийг шимтэн унших нь Б.Энхцэцэг сэтгүүлчийн эхний зорилго биелсэн хэрэг. Мөн дараах цогцолбортоо Адараа агсны талаарх дурсамжийг хүүрнэсэн нь хөргийг үргэлжлүүлэн унших сэдлийг улам өдөөнө.
Сэтгүүлч бичвэрийн өрнөл хэсэгт “...Адарсүрэнг энэ хорвоод угтсан түүх, бага насны амьдрал энгийн бус, ээдрээтэй..., ...1942 оны гуравдугаар сарын 1-нд ганц бие эмэгтэй Цэвэгжавын гэрт нэгэн хүү мэндлээд долоохон хонож байхад саахалтын эхнэр Даваахүү үрчлэн авахаар эр нөхрөө ятгаж,...” гэх байдлаар хөргийн гол дүрийн ээдрээт амьдралын замналыг цөөн мөрөөр товч тодорхой илэрхийлжээ. Түүнчлэн түүний амьд ахуйдаа энэ талаараа хөөрөлдөж байсан яриаг эшлэлээр оруулж өгсөн нь сэтгүүл зүйн хөрөг бичвэрт байх баримтуудыг илэрхийлэхийн зэрэгцээ сэтгүүлчийн эрэл хайгуул, судалгаа хийсэн болохыг харуулж байна. Тус хөргийг бичихдээ сэтгүүлч Адараа агсны ханийг гол эх сурвалжаа болгож мэдээлэл авсан нь дараа дараагийн цогцолборуудаас харагдах аж. Ингэхээр энэ бичвэрт хоёрдугаар биеэс хүүрнэх гавьяатын гэргийн дүр тодорно. Түүний гэргийн дурсамж яриа нь “...1967 онд бид охинтой болж, жил гаруйн дараа бас нэгэн охин бидэнд мэндэллээ. Хилийн цэргийн бага дарга хоёр охины аав болсон тэр жилээ тун чиг санамсаргүйгээр улс төрийн “гэмт хэрэг” өдүүлэх болно...”, “...Адараа дуулдаг, хөгжимддөг, бүжиглэдэг, шүлэг бичдэг, барилддаг, биллиард тоглодог, хоол сайхан хийдэг, гэр орон цэвэрлэчихдэг, үс хүртэл засна. Сонирхол нь хатгавал хувцас ч оёчихдог гээд олон талын авьяастай хүн гэдгийг хамгийн сайн мэдэх хүн би...” зэрэг уншигчийг алмайруулах баримтууд хүүрнэнэ. Хамгийн ойр, амьдралынх нь амьд, ганц гэрчийн дүр.
Сайн бичвэр төгс байна гэсэн үг хараахан бус. Энэ л хэсэгт, эх сурвалжийн ярианд хэт дулдуйдаж ярилцлагын хэв шинжийг санагдуулам өрнөсөн нь бичвэрийн зохиомжийн сул тал билээ.
Сэтгүүлч хөрөг бичвэрийнхээ өрнөл хэсэгт эх сурвалжийн яриаг хэт сунжирсан урт хэлбэрээр оруулсан нь ийнхүү хөрөг бичвэрийн өнгө аясыг үл ялиг гажуудуулжээ. Учир нь эх сурвалжийн ярианд тайлбар, холбоос хийж боловсруулаад өгвөл сэтгүүл зүйн баримт мэдээллийг боловсруулсан байдалд дөхөх юм. Жишээлбэл, “...Адараа бид хоёрын суусан шинэ тэрэг Улаанбаатараас гарч Баянхонгорт нэг төөрч аваад Ховд орох хүртэлх замыг арав хоног туулж хүрсэн сэн. Энэ аялал миний хувьд түүнтэй амьдралаа холбох тов тодорхой шийд болсон юм... ...Адараа модны үйлдвэрт клубийн эрхлэгчээр ажиллаж, би дунд сургуульд багшаар орсон. Энэ хотод бид бүл нэмсээр, ам бүл зургуул болон аж төрж, амьдран суух болно...” гэсэн хэсэг нь хэт сунжирчээ. Мөн “...Энэ хотод бид бүл нэмсээр, ам бүл зургуул болон аж төрж, амьдран суух болно...” гэсэн өгүүлбэрийн найруулга нь эх сурвалжийн өнгөрсөн үйл явдлыг дурсаж буй яриа атал төгсгөл нь зохиомжийн өнгө аястай болсон байв.
Сэтгүүлч эх сурвалжийн яриа, эшлэлийг хашилтад хийгээд орхисон нь ямар эх сурвалжийнх болох нь тодорхойгүй, төөрөгдөлд оруулахуйц юм. Холбоос өгүүлбэр болон доторх агуулгыг нь уншиж байж тухайн эшлэл хэнийх болохыг ойлгохоор байна. Жишээ нь, “...Л.Цогзолмаа гуай Адарсүрэнг анх сонссон сэтгэгдлээ огт мартаагүй юм”. “…Нэлээд хөдөлгөөнтэй байрын шөвгөр хөх залуугийн ээлж ирлээ. Түүний хоолойноос Гавьяат жүжигчин, уртын дууч Лувсангомбын гаргадаг их гоё нугалаанууд шууд л нэхэн санагдсан. Тэгээд өмнөх танилцуулгаа харахад П.Адарсүрэн гэж бичсэн байлаа”..., “...Энэ олон сайхан дуучин дуулж байхад ганц энэ Адарсүрэн хүүгийн хоолой л хаалганы цаанаас хадаад байх юм” гэж “Адараатай уулзахаар дасгал дуусахыг нь хүлээгээд үүдэнд сууж байтал УАДБЧ-ын жижүүр Н.Дулмаа гуай намайг эхнэр нь гэж мэдэхгүй хэлэхэд би их гайхаж, бас дотроо онгирч ганцаараа инээчихсэн л сууж билээ”... гэж эшлэлийг задгай орхижээ. Үргэлжлүүлэн сэтгүүлч өөрийн цуглуулсан баримтад тулгуурлан эх сурвалж, баримтуудыг тайлбартайгаар боловсруулсан нь бичвэрийн өнгө аясыг эргэн сэргээж, сэтгүүл зүйн бичвэрийн өнгө аястай болсон байна.
Хөрөг бичвэрийн зохиомжийн нэг гол хэлбэр нь бичигч-сэтгүүлчийн өгүүлэмж буюу гуравдугаар биеэс хүүрнэн бичих зохиомжийн хэв маяг юм. Үүгээр сэтгүүлчийн зураглал, тайлбарламж, хүүрнэмж хөврөх уран чадвартай холбоотой зохиогчийн бодол, санаа сэтгэгдлээ уншигчидтай чөлөөтэй хуваалцах боломж байдаг. Цаана нь бас зохиогч “гуравдугаар бие”-ийн дүр ч тодроод ирнэ.
Сэтгүүлч хөрөг бичвэрийн төгсгөлөө “...Цэргүүд халагдахдаа “Бид цөм эхнэр авч айл гэр болж амьдарна. Бүгдээрээ анхныхаа хүүхдэд эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай Энх-Улирал гэж нэр өгнө шүү” гэж тохироод нутаг нутгийнхаа зүгт жолоо залжээ. “90-ээд оны эхээр мөнөөх заставын тэр жил халагдсан цэргүүдийн гэр бүлд хориод Энх-Улирал мэндэлсэн байлаа” гэх түүхээр дуусгасан нь тус хөргийг үргэлжлэлтэй, эсэх, үргэлжлүүлэн унших сонирхлыг төрүүлэх аж. Гэхдээ энэ бол мөн л сэтгүүлчийн хөрөглөл бичвэрийн ур чадвартай холбоотой учир хөргийн “баатрынхаа” тухай үнэ цэнтэй баримтуудаас энэ “story”-г л онцлон төгсгөжээ.
Сэтгүүлч Б.Энхцэцэгийн хөргүүдийнх нь эзэн бидний амьдралын “тод од”, гол дүр гэвэл нь ийнхүү тэдний туслах дүр болон бүтээл төрүүлж байгаа нь сайшаалтай юм.
“Танхил хонгор түүнд минь танил дууг минь дамжуулаарай” хэмээн ард түмний зүрх сэтгэлд уянгалуулан дуулах, “орших” Адарааг “Энх-Улирал” болон мөнх орших болтугай гэсэн дотоод гүн сэтгэлийн өчлөө ийнхүү энэ түүхээр далдуур өргөн өндөрлүүлжээ. Түүний дотоод сэтгэлийн ийм хөг бусад хөргөөс нь ч эгшиглэн байх нь сэтгүүлчийн бичлэгийн ялгарах өнгө аяс юм.
Сэтгүүлч Б.Энхцэцэг хөрөг бичвэрийг дуртай үедээ ганц, хоёр удаа бичээд орхих бус, үргэлжлүүлэн бичиж, мэргэшиж байгаад талархах нь зүйтэй.
Жирийн ЖДҮ-чин болон олонд нэргүй ч чимээгүйхэн хөдөлмөрлөдөг онцлох содон дүрүүдийг хөрөглөснөөр түүний хөрөг бичвэрийн “урын сан” нь тэнцвэртэй болох талтай юм. Сэтгүүл зүй, ялангуяа сэтгүүл зүйн өгүүлэл өөрөө үнэнийг, тэнцвэрийг эрэлхийлж байдаг. Тиймээс тус хөргүүдийн адил өөр олон “жирийн”, сонин дүрийг хэвлэлийн хуудаснаа бичлэгийн хөг эгшгээрээ мөнхлөхийг хүснэ.