Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулж, иргэдээс дөрвөн тэрбум төгрөг луйвардсан гэх хэрэгт холбогдсон П.Эрхэсийг Тайландад орогнож байхад нь “Шувуу” ажиллагааны хүрээнд саатуулан уржигдар 21.40 цагийн үед эх оронд шилжүүлэн авлаа. Түүнийг албадан ирүүлэх ажиллагааг цагдаагийн байгууллага зохион байгуулж, тус улсын хууль хяналтын байгууллагатай хамтран ажилласнаар ийнхүү эх оронд нь авчирчээ. Тэрбээр мөрийтэй тоглоомын “Pokerrrr” гэх аппликэйшнд покер тоглуулах олон өрөө үүсгэн монгол иргэдийн дансыг ашиглан хууль бусаар их хэмжээний ашиг олсон нь тогтоогдсон гэх мэдээлэл бий. Түүний хамаарал бүхий 40 гаруй иргэнийг уг хэрэгт холбогдуулан шалгаж, бусдыг луйвардаж олсон орлогоороо худалдан авсан байж болзошгүй дөрвөн тэрбум орчим төгрөгийн үнэлгээтэй хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг илрүүлсэн гэнэ.
МБА-нд П.Эрхэст холбогдох хэргийг шалгаж буй бөгөөд Эрүүгийн хуулийн 20.17-гийн мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан, 20.3-ын зохион байгуулалттай гэмт бүлэглэл үүсгэсэн, 18.6-гийн мөнгө угаасан гэх зүйл заалтын дагуу яллагдагчаар татсан аж. Өдгөө түүнийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж оргон зайлсан, хэргийн ул мөр, нотлох баримтыг устгаж болзошгүй гэсэн үндэслэлээр шүүгч захирамж гарган ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хориод буй юм.
Г.Орчлон