Эко автомашин импортлогчдын холбооныхон ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэж, нэг тэрбум төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хотын дарга Х.Нямбаатарт холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Тодруулбал, хотын дарга автомашин импортлогчдын нэр хүндэд халдсан гэж үзээд тэд шүүхэд хандсан юм байна. Тус шүүхийнхэн нэхэмжлэлийг хянаад Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргажээ. “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт холбогдох, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, нэг тэрбум төгрөг гаргуулах тухай “Эко автомашин импортлогчдын холбоо” НҮТББ-ын нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсүгэй” гэж уг захирамжид дурдсан байна.
Эргэн сануулахад, Улаанбаатарт олгох автомашины улсын дугаарыг 730 мянгаар хязгаарласантай холбоотойгоор дээрх холбооныхон өнгөрсөн арваннэгдүгээр сард жагсаал зохион байгуулсан юм. Гэтэл нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хариуд нь “Хэдэн халтар төгрөг цуглуулсан ченжүүдээс айхгүй. Энэ хүмүүс монгол төгрөгийн ханшийг хамгийн их сулруулж байна” гэсэн билээ. Хотын дарга автомашины бизнес эрхлэгчдийг ийнхүү бүдүүлгээр гутаан доромжилсныхоо төлөө уучлал гуйх ёстой гэж Эко автомашин импортлогчдын холбооныхон шаардаж байв. Тус холбооны тэргүүн Ц.Лхагважав “Амьдралд нийцэхгүй хууль, журам гаргаснаа эргэн харах шаардлагыг л бид хотын удирдлагад тавьсан. Улаанбаатарын дугаар олгохыг хязгаарлах шийдвэрт харин ч хүлээцтэй хандаж, биднээс санал авч, хамтран ажиллах хүсэлтээ холбогдох албаныханд удаа дараа хүргүүлсээр ирсэн. Гэтэл хотын дарга автомашины бизнес эрхлэгчдийг маш бүдүүлгээр гутаан доромжлох боллоо. Түгжрэлийн шалтгаан нь автомашин биш. Харин хотыг удирдсан хүмүүсийн буруутай үйлдлээс л шалтгаалсан шүү дээ” гэж байв.
М.Оч