Энэ онд улсын санд худалдан авах хөгжмийн зохиолын шилдэг бүтээлүүдийг тодруулжээ. Засгийн газрын 2023 оны 391 дүгээр тогтоолоор баталсан Хөгжмийн зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журмын дагуу улсын санд худалдан авах шилдэг бүтээлийг Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос хоёр үе шаттайгаар шалгаруулсан юм байна. Ингээд зургаан бүтээлийг улсын санд худалдан авахаар шийдвэрлэснийг нь салбарын сайдын тушаалаар баталгаажуулжээ.
Үүнд хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн үндэсний найрал хөгжимд зориулсан “Fantasia” уран сэтгэмж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Өлзийбаярын морин хуур, ятгын хослолд зориулсан “Арга билиг” концерт багтжээ. Мөн хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбатын морин хуурын найралд зориулсан “Эх нутаг минь” концерт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхболдын төгөлдөр хуурын триод зориулсан “Ян-Егийн эгшиглэн” бүтээлийг улсын санд худалдан авахаар болов. Түүнчлэн хөгжмийн зохиолч Т.Мөнхбаатарын чавхдаст хөгжмийн дөрвөлд зориулсан “Дөрвөл”, Э.Бумдарийн квинтетэд зориулсан “The beginning of an endless imagination” бүтээлийг шалгаруулжээ.
Хөгжмийн зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журмын 6.3.1-т “хөгжмийн шилдэг бүтээлийг соёлын өдөр, түүхэн тэмдэглэлт ойн баяр наадмын тоглолтын хөтөлбөрт тусган нийтийн хүртээл болгох”-оор заасан байна. Мөн 6.3.2-т “олон улсын чанартай уралдаан тэмцээнд удирдварыг илгээн оролцуулах, Монгол Улсыг гадаад, дотоодод сурталчлах арга хэмжээнд тоглуулах” гэж тусгасан аж.
Ч.Зул