УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанд гишүүдийн 56.3 хувь нь оролцож, есөн асуудал хэлэлцэхээр тогтов. УИХ-ын дарга өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар мэдээлж, тэдгээрийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог тогтоон, нэгдсэн хуралдаанд мэдээлсэн юм. Төслүүдийг чуулганаар яаралтай хэлэлцэх, эсэхийг нэгбүрчлэн санал хурааж, шийдвэрлэв. Тодруулбал, Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг яаралтай эхлүүлэхийг гишүүдийн 83.9 хувь нь дэмжиж, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг чуулганаар яаралтай хэлэлцэхийг 76 гишүүн дэмжсэн бол “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” тогтоолын төслийг гишүүдийн 83.1 хувь нь хэлэлцэхийг дэмжжээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан Үндсэн хуулийн цэцийн IV дүгнэлтийг хэлэлцсэнээр үргэлжлэв. Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн, эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар танилцуулсан. Цэц нэр бүхий хүмүүсийн гаргасан санал, гомдолд үндэслэн, Татварын ерөнхий хуулийн 13.4, 34.4.1, 34.4.3 дахь заалтыг Дунд суудлын өнгөрсөн сарын хуралдаанаараа хянан шийдвэрлэжээ. Маргааныг Цэц хянаад, Татварын ерөнхий хуулийн 13.4 дэх хэсэгт “Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно” гэж заасан нь Үндсэн хуулийн 16.13 дахь хэсэг “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ... халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэснийг зөрчсөнийг хүлээн зөвшөөрчээ.
Харин Татварын ерөнхий хуулийн 34.4.1-т “татвар төлөгчийн дансны мэдээлэл болон уг данстай холбоотой эзэмшигчийн талаарх мэдээллийг татварын албаны шаардсанаар тухай бүр”, 34.4.3-т “татвар төлөгчийн дансны гүйлгээний мэдээллийг татварын албанаас бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэнэ” гэж заасан нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж Цэц дүгнэсэн байна. Иймд Татварын ерөнхий хуулийн 13.4 дэх заалтыг өнгөрсөн сарын 22-ноос эхлэн түдгэлзүүлэхээр болжээ. Цэцийн дүгнэлтийг гишүүдийн 51.5 хувь нь дэмжлээ.
М.Гэгээ