Агаарын бохирдлыг багасгах, иргэдээ эко унаа хөлөглөх боломжоор хангах зорилгоор Дархан-Уул аймаг энэ жил “Дугуйн зам” төсөл хэрэгжүүлж байна. Энэ төсөлд 640 сая төгрөг зарцуулахаар тус аймгийн ИТХ 2015 оны арванхоёрдугаар сарын 6-нд төсөв баталж өгсөн байна. Шинэ, хуучин Дарханыг холбосон, явган хүний 14 км зам дагуу тавих дугуйн замын хажуугаар 80 сая төгрөгөөр мод тарьж, гарц, гэрлэн дохио хийнэ.
Дугуйн замын зураг төслийг гаргах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, зам тавих компанийн ажлыг хянах зэрэгт “Гудамж” төсөл туслахаар болжээ. Замаа ирэх зун ашиглалтад оруулах юм.
Үүнээс гадна Дархан сумын XIII багийн нутаг дэвсгэрт автомашингүй гудамж бий болгох аж. Энэ ажилд БНХАУ-ын “Нари групп” ТӨХК хөрөнгө оруулан, хамтарч ажиллахаар болоод байна. Автомашингүй гудамжинд явган хүний болон дугуйн зам тавьж, ногоон байгууламж бий болгохоос гадна бүх төрлийн худалдаа, үйлчилгээний цэг байгуулахаар төлөвлөжээ.
Б.БАЙГАЛ