ОХУ-ын нутаг руу зугтах украинчуудын тоо сүүлийн хэд хоногт эрс нэмэгдсэн гэж тус улсын Ростов мужийн албаны хүмүүс мэдээлжээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Украины 7000 гаруй иргэн тус мужийн нутгаар дамжин өнгөрсөн байна. ОХУ-ын Холбооны шилжин суурьших албаны дарга К.Ромодановскийн хэлснээр 5000 гаруй украин иргэн тус албанд хандаад байгаа аж. Өнгөрөгч дөрөвдүгээр сараас хойш ОХУ-ын харьяат болохыг хүссэн иргэдийн тоо гурав дахин, түр хугацаанд оршин суухыг хүссэн хүмүсийн тоо тав дахин нэмэгдсэнийг тэрбээр мөн онцолсон байна.
Зүүн Украины ихэнх хэсэгт, тэр дундаа Славянск болон түүний ойр орчмын хот суурингуудад зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа бөгөөд цэрг үүд хотоос гарах гэж буй иргэдийн мэдээллийг хоорондоо дамжуулж, гарах цагийг нь тааруулан гал нээж байгаа гэнэ. Славянскийн хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Стелла Хорошева “Энгийн иргэд гэртээ сууж байгаад л тэсрэх бөмбөгөнд өртөж байна. Шархадсан хүмүүсийг хотоос гаргахад хэцүү байгаа, цэргүүд хөнгөн шарх авсан иргэдийг ч буудсан” хэмээжээ.
Украины Ерөнхийлөгч Петро Порошенко нутгийн зүүн хэсгээс энгийн иргэдийг гаргахын тулд хүмүүнлэгийн хонгил гэж нэрлэгдэх аюулгүйн гарц бий болгох тушаал гаргаад байна. Тус улсын албаныхны хэлснээр Оросыг дэмжигчид болон Украины армийнхны дунд болсон зэвсэгт мөргөлдөөнүүдийн улмаас 200 гаруй хүн амь үрэгдээд байгаа аж.
О.АНУДАРЬ