1935 онд Шикокугийн жижигхэн тосгонд төрсөн Кэнзабүро Оэ бага байхдаа эзэн хаанаа бурхан гэж боддог байв. Япон орон 1945 онд дайнд ялагдахад эзэн хаан нь радиогоор мэдэгдэл хийж. Тэгэхэд Оэ хаанаа ердийн хүн шиг дуу хоолойтойг сонсоод ихэд гайхсан гэдэг. Эзэн хааныг тахин шүтэх үзлийн эсрэг байдаг тэрбээр 1994 онд Нобелийн шагнал хүртсэнийхээ дараа Японы урлаг, соёлын дээд шагнал болох Соёлын одонгоос чухам энэ л шалтгаанаар татгалзжээ.
Оэ нэгэн цагт Акира Күросава, Тоширо Мифүнэ нарын амьдарч асан Токиогийн дүүрэгт, барууны маягаар тохижуулсан гэртээ эхнэр Юүкари, төрөлхийн сэтгэхүйн өөрчлөлттэй ууган хүү Хикаритайгаа хамт амьдардаг. Түүний хувьд зохиолчийн ажил алиалагчийнхтай ижил бөгөөд зохиолч хүн уй гунигийг элэглэдэг алиалагч юм. Түүний гунигт элэглэлийг Хикарийг гол дүрээ болгосон, хувийн шинжтэй зохиолууд ба бусад гэж ангилж болох. Дараах ярилцлагыг “The Paris Review” сэтгүүлийн 2007 оны дугаараас товчлон орчуулав.
-Карьерынхаа эхний жилүүдэд та нэлээд олон хүнээс ярилцлага авсан. Та хэр сайн сурвалжлагч байв?
-Сайн байгаагүй ээ. Ярилцагчийнхаа өмнө нь ярьж байгаагүй юмыг яриулж чадвал л сайн сурвалжлагч болно. Тэр хүмүүсээс би шинэ содон юм “сугалж” чадаагүй болохоор сайн сурвалжлагч биш. 1960 онд би Мао даргатай уулзах таван япон зохиолчийн нэгээр сонгогдсон юм. АНУ Японы аюулгүйн тунхагийг эсэргүүцсэн хөдөлгөөнд нэгдэж байж тэр шүү дээ. Би хамгийн залуу нь байлаа. Мао даргатай их орой, бүр шөнийн нэг цагт уулзсан юмдаг. Мао ази хүн гэхэд нэлээд биерхүү, сүрдмээр нэгэн байсан. Дараа жил нь Сартраас ярилцлага авсан. Парист анх удаа очсон минь тэр л дээ. Сен-Жермен-де-Пред нэг жижигхэн өрөөнд орсон. Гадаа жагсагчид “Алжирийг чөлөөл!” гэж хашгиралдаж байлаа. Сартр миний хувьд их чухал хүн. Тэр яг л Мао дарга шиг хэвлэгдсэн бүхнээсээ эш татаж байсан болохоор би яриаг нь тэмдэглэхээ больж, зүгээр л номнуудынх нь нэрийг бичиж авсан. Цөмийн зэвсгийг эсэргүүцэх ёстой гэж ярих атлаа тэр Хятадыг цөмийн зэвсэгтэй байхыг дэмждэг байсан. Харин би цөмийн зэвсэг хэнд ч байх ёсгүй гэж боддог хүн. Энэ талаар бид санал нийлээгүй.
-Та Японы телевизээр Курт Воннегуттай бас ярилцсан.
-Тийм ээ. 1984 онд PEN-ийн чуулганд ирэхэд нь уулзсан юм. Гэхдээ ярилцлага гэхээсээ хоёр зохиолчийн харилцан яриа болсон доо. Воннегут өөрийн гэсэн хошин аясаар бодол санаагаа илэрхийлдэг чамбай сэтгэгч. Түүгээр ч гэсэн би шинэ содон зүйл яриулж чадаагүй. Ер нь зохиолчидтой ярилцахад тэд хэр шударга байхаас миний ярилцлага амжилттай болох эсэх нь шалтгаалдаг.
-Залуудаа та өөрийгөө анархист гэдэг байсан. Одоо ч тэгж хэлэх үү?
-Зарчмын хувьд бол тийм. Воннегут өөрийгөө Есүс Христийг хүндэлдэг агностик үзэлтэн гэдэг байлаа. Харин би ардчилалд хайртай анархист.
-Улс төрийн үзэл баримтлалаа та зохиолууддаа хэр тусгадаг вэ?
-Зохиолдоо би лекц унших юм уу, хичээл заахыг хүсдэггүй. Харин ардчиллын талаарх эсээнүүддээ зааж зааварчлахыг оролдсон. Ер нь зохиол бүтээлүүддээ би дайн, ардчилал гээд болж өнгөрсөн бүхнийг ердөө ойлгохыг хүсдэг. Цөмийн зэвсгийн асуудалд би хэзээд нэг байр сууриас хандсан. Миний үзэл бодол 1960-аад оноос хойш огт өөрчлөгдөөгүй.
-Бичиж туурвихуйн арга ухаанаасаа хувцаалцана уу?
-Би нэг бичсэнээ ахин дахин бичдэг зохиолч. Бичсэн бүхнээ үргэлж засаж нягталдаг. Тэгэхээр бичихдээ баримталдаг миний гол зарчмын нэг бол “шинэлэг давталт”. Хуучнаа шинээр найруулах гэж байгаад л би шинэ зохиол эхэлчихдэг юм. Зохиолч хүн нягтлан сайжруулах аргыг хамгийн сайн эзэмшвэл зохино гэж би дандаа хэлдэг.
-Дэндүү их засчих вий гэж санаа зовдог уу?
-Тэр чинь л асуудал болоод байна. Би жилээс жилд сайжраад л, зохиолуудаа нягтлаад л байдаг. Гэтэл уншигчид маань цөөрөөд байдаг. Миний арга барил дэндүү ярвигтай, адармаатай болсон байх. Шинэлэг байхын тулд бичиж тэмдэглэснээ засаж нягтлах нь зайлшгүй. Харин 15 жилийн өмнөөс л би хэт их засах нь зохиолч хүний шилдэг арга биш юм гэж бодох боллоо. Сайн зохиолч өөрийн гэсэн хэв маягтай. Байгалиас заяасан тэр зөн, дуу хоолой анхны ноорогт л илхэн байдаг. Тэр хүчийг гагц сайн зохиолч л засвар хийхдээ алдахгүй байж чадна. Ясны зохиолч хүн дуу хоолойгоо үгүй хийдэггүй. Харин би чухам үүнийг л хийж байна.
-Яагаад тэр вэ?
-Японы утга зохиолд шинэ чиг хандлага бий болгох гэж тэр. 120 гаруй жилийн түүхтэй орчин цагийн Японы утга зохиолд шинээр найруулах, засаж боловсруулах хандлага бараг байгаагүй. Танизаки, Кавабата зэрэг зохиолчдын зохиол бүтээлээс сонгодог япон зохиолын хэв маяг л мэдрэгддэг. Танка, хайкугийн уламжлал бүхий алтан үеийн хэв шинжийг хүндэлдэг ч би өөр зүйл бичихийг хүссэн. Анхны романаа бичихдээ би Францын утга зохиолыг судалдаг, японоор бичдэг ч англи, франц зохиолд шимтдэг 22-той оюутан байлаа. Англи, францаар найман цаг уншчихаад японоор хоёр цаг бичнэ. Тэгэхдээ “Үүнийг франц зохиолч яаж илэрхийлэх бол, англи зохиолч яаж дүрслэх байсан бол?” гэж дандаа бодно. Гадаад хэлээр уншиж, эх хэлээрээ бичихдээ би ердөө хоёр ертөнцийн гүүр болохыг хүссэн. Гэтэл бичлэг маань улам л ярвигтай болсон.
-Унших номоо та яаж сонгодог вэ?
-Заримдаа уншсан номоосоо болж сонгоно. Блэйк Иэйтс рүү, Иэйтс Данте рүү хөтлөх жишээтэй. Заримдаа зүгээр л тохиолдлоор олж авна. Нэг удаа би Британиар аялж явахдаа Уэльст саатсан юм. Тэнд гурав хоноод унших номгүй болчихлоо. Тэгээд нэг жижигхэн номын дэлгүүрт ороод худалдагчаас нь “Санал болгох ном байна уу” гэтэл нутгийн нэг яруу найрагчийн номыг өгөөд “Гэхдээ сайн зарагдахгүй байгаа” гэж анхааруулсан. Тэр найрагч Р.С.Томас байсан юм. Номыг нь уншиж байхдаа би одоогоор надад олдсон хамгийн чухал найрагч байна гэж бодсон доо.
-Одоо юу уншиж байна?
-Иэйтсийн хожуу үеийн, 1929-1939 онд бичсэн шүлгүүдийг уншиж байна. Иэйтс 73-тайдаа нас барсан. Түүнийг миний насан дээр, 72-тойдоо юу бичиж байсныг мэдмээр санагдаад. 71-тэйдээ бичсэн “Өвсний эдлэн” гэдэг шүлэг нь их таалагдсан.
-Амьдралаа эргэж хараад та өөрийгөө зөв зам сонгосон гэж боддог уу?
-Миний амьдрал гэртээ өнгөрлөө. Эхнэрийнхээ хийсэн хоолыг идэж, хөгжим сонсож, Хикаритай хамт байна. Сонгосон мэргэжил минь сайхан, сонирхолтой. Өглөө болгон сэрэхдээ “Унших ном байгаа шүү” гэж бодох сайхан байдаг. Энэ л миний амьдрал. Эхэлсэн юмаа дуусгачихаад үхнэ гэж би дандаа боддог. Бичээд дуусчихвал зүгээр ном уншаад сууна. Нацүмэ Сосэки 1905-1916 оны хооронд, хэдхэн жил л зохиол бичсэн. Тэр өөд болохоосоо өмнө одоо үхчихвэл мөн тусгүй еэ” гэж дуу алдсан гэдэг. Үхье гэж бодоогүй байхгүй юу. Японд зохиолч өөд боллоо гэхэд дутуу үлдээсэн юмыг нь хүртэл хэвлэдэг. Тиймээс би нүд анихаасаа өмнө дутуу гар бичмэл, тэмдэглэлийн дэвтрүүдээ шатаана. Хэвлэх, хэвлэхгүй юмаа би өөрөө сонгохыг хүсэж байна.
Г.ЛХАГВА