Аж үйлдвэржсэн, хөгжингүй орнуудын “Их долоо”-гийн бүлгэмийн ээлжит чуулган Бельгийн нийслэл Брюссельд болж байна. Тус бүлгэмийн гишүүн орнууд Украины талаарх ОХУ-ын байр суурийг буруушааж, тус улсын эсрэг хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээнүүдээ чангатган, шинэ хориг батлахаар зэхэж буйгаа мэдэгдлээ. Хөгжингүй орнуудын энэ удаагийн дээд хэмжээний уулзалт Крымийн хойгийг ОХУ газар нутагтаа нэгтгэснээс үүдэн “Их найм” “Их долоо” болсны дараах анхны уулзалт юм. Энэ жилийн “Их найм”-ын уулзалтыг уг нь ОХУ-ын Сочи хотод зохион байгуулахаар товлоод байжээ.
Уулзалтад оролцож буй АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Брюссельд очихоосоо өмнө Польшид айлчилж, тус улсад Украины шинээр сонгогдоод байгаа төрийн тэргүүн Петро Порошенкотой уулзсан. Цагаан ордны тэргүүн П.Порошенког украинчуудын “ухаалаг сонголт” хэмээгээд бүхий л талаар дэмжихээ илэрхийлжээ. Харин ОХУ-ыг “XXI зууны дэлхий ертөнцөд XX зууны арга барилтай байна” хэмээн шүүмжилж, Украин орныг Оросын өмнө хүчтэй байлгахын тулд зэвсэгт хүчнийг нь дэмжин таван сая ам.долларын цэрэг армийн тусламж үзүүлэхээ амласан байна. “Их долоо”- гийн уулзалтын үеэр Их Британи, Германы төрийн тэргүүн нар мөн Украинд туслахаа амлаад “Украины хямралыг цаашид яагаад ч даамжруулахгүй” гэжээ.
Барууны удирдагчдыг ийн чуулж байх зуур ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улс орныхоо байр суурь, “Их долоо”-гийн уулзалт болоод Украины асуудлаар Францын телевизэд ярилцлага өгсөн байна. Тэрбээр “ОХУ хэнтэй ч дайсагнахыг хүсэхгүй. Аль ч оронтой зөвшилцөхөд бэлэн”, “Барууны шинэ хоригоос эмээхгүй”, “Украиныг ямар ч тохиолдолд эзлэхгүй” гэж байр сууриа илэрхийлжээ. Мөн сөргөлдөгч талуудтай хэлэлцээ хийхийг Украины шинэ Ерөнхийлөгчид уриалсан аж. Харин энэ өдрүүдэд зүүн Украинд байдал хурцадсан мэдээ байна. Салан тусгаарлагчид хэмээн Украины албаныхны нэрийдэж буй босогчид Луганск мужид цэргийн хоёр баазыг эзэлсэн бол Словянск, Донецк мужид хэд хэдэн удаа зэвсэгт мөргөлдөөн болж, Украины армийн зургаан албан хаагч амь үрэгджээ.
Г.ЛХАГВА