“Украины хямралаас болж Орос, Америкийн хооронд үүсээд байгаа үл итгэлцлийг “үгүй хийх”-ийг хүсэж байна” гэж Европт айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэлжээ. Айлчлалынхаа эхний өдөр Польшид байхдаа хэлсэн үгэндээ тэрбээр ОХУын Ерөнхийлөгч Владимир Путинийг “Украины асуудалд нухацтай хандаж, зөв сонголт хийнэ гэж найдаж байна” хэмээгээд Украины хилээс цэргээ татаж, саяхан болсон Украины Ерөнхийл өгчийн сонгуулийн дүнг зүүн Украин дахь зэвсэгт босогчдоор зөвшөөрүүлэхийг ОХУ-аас хүссэн байна. Харин Оросын зүгээс Украины дотоод асуудалд дахин оролцвол тус улсын эсрэг хэрэгжүүлж буй хориг арга хэмжээгээ чангатгана гэж анхааруулахаа мартсангүй.
Польшийн Ерөнхийлөгч Бронислав Коморовскийн хамт сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ Б.Обама “АНУ В.Путинтэй хэзээд ажил хэргийн харилцаатай байсан. Харин одоо харилцаагаа сайжруулахыг хүсэж байна” гэжээ. Тэрбээр баасан гаригт Францад болох Нормандыг Холбоотны хүчин чөлөөлсний 70 жилийн ойг тэмдэглэх ёслолын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзана гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ. Харин В.Путин нь Германы Канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нартай уулзалт товлосон ч Б.Обаматай уулзахгүй гэж ОХУ-ын зүгээс мэдэгдээд буй. Б.Обамагийн уулзахыг зорьж буй өөр нэг эрхэм бол Украины Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй Петро Порошенко. Цагаан ордны тэргүүн Украинд эдийн засгийн тусламж үзүүлэхээ мэдэгдэж, Оросын “Газпром” компанид байгалийн хийн төлбөрөө төлөхөд нь украинчуудад туслахаа илэрхийлээд байгаа. АНУ мөн Европ дахь түншүүдээ Оросын өмнө хүчтэй байлгахаар, цэрэг армийн хамтын ажиллагаанд нэг тэрбум ам.доллар зарцуулах гэнэ.
Б.Обама Польшийн Ерөнхийлөгч Бронислав Коморовскийн хамт
Ерөнхийлөгч Б.Обама энэ саналаа Конгрессоор батлуулахаар өргөн бариад байна. Зүүн Европын орнуудын батлан хамгаалах салбарт зарцуулах тэрбум ам.долларын санхүүжилт батлагдвал Чех, Польш зэрэг улсын цэргүүд америк цэргүүдтэй хамтран хээрийн сургууль хийх нь нэмэгдэж, Гүрж, Молдав, Украин зэрэг улс АНУ, НАТО-гоос цэрэг, зэр зэвсгийн тусламж авдаг болох юм. Б.Обама энэ тухай Польшид хийсэн мэдэгдэлдээ зарласан нь бэлгэдлийн шинжтэй гэж ажиглагчид үзжээ. Тэрбээр тус улсад коммунист засаг нуран унасны 25 жилийн ойг тэмдэглэх хүрээнд айлчилсан бөгөөд коммунизмын үеийн Польшийн ард түмнийг өнөөдрийн украинчуудтай адилтгасан байна. Түүнийг энэ үгээрээ “Польш улс барууны орнуудыг түшиж өдий зэрэгт хүрсэн. Украин орон ч гэсэн тэгж чадна” гэсэн санаа илэрхийлэх гэсэн болов уу гэж тоймчид онцолжээ. Б.Обама өнөөдөр Бельгийн нийслэлд болох “Их долоо”-гийн уулзалтад оролцоно.
Г.ЛХАГВА