Люксембургийн Ерөнхий сайд асан Жан-Клод Юнкер Европын хорооны ерөнхийлөгч болбол Их Британийг Европын холбооноос гаргана гэж тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерун Германы Канцлер Ангела Меркельд хэлжээ. Энэ тухай “Der Spiegel” сэтгүүл мэдээлсэн бөгөөд Ж.Юнкер Британийн эсрэг үзэл баримтлалтай, Европын хороог тэр ахалбал өөрийнх нь Засгийн газарт халтай тухай Д.Камерун ярьсан гэнэ. Харин энэ талаар Британийн тал ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Ж.Юнкерийн тэргүүлдэг Европын ардын нам саяхан болж өнгөрсөн Европарламентын сонгуульд хамгийн олон буюу 751 суудлын 213-ыг нь авсан юм. Төв-барууны үзэлтэй энэ нам А.Меркелийн тэргүүлдэг Христийн демократ намтай эвсэж, энэ сонгуульд оролцсон бөгөөд Ж.Юнкерийг Европын хорооны тэргүүн болгохыг Германы Канцлер дэмжиж буй. Хорооны тэргүүний суудлын төлөө Ж.Юнкертэй өрсөлдөх гол нэр дэвшигчээр Европын парламентын спикер Мартин Шульц тодроод байна.
Г.ЛХАГВА